E-Mongolia систем нэвтэрснээс хойш таван жилийн хугацаанд хоёр сая гаруй хэрэглэгчтэй үндэсний хэмжээний платформ болон хөгжөөд байна. Өдөр бүр 100 мянгаас дээш иргэн төрийн 87 байгууллагын 1,260 гаруй үйлчилгээг энэхүү системээр дамжуулан авч байгаа нь Монголд цахим засаглал амжилттай хэрэгжиж буйн тод жишээ юм.
Энэ хугацаанд нийт 85 сая гаруй цахим үйлчилгээ үзүүлж, улмаар 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт хийсэн гэж тооцогдож байна.
Шинэ хувилбарын онцлог
Иргэдийн хүлээлт, хэрэгцээтэй уялдуулан боловсруулсан E-Mongolia 5.0 хувилбарыг есдүгээр сарын 20-нд олон нийтэд танилцуулах гэж байна. Энэ шинэчлэл нь зөвхөн технологийн дэвшил бус, төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгох дараагийн шатны алхам болж байна. Үүнд:
- Ухаалаг, хялбар таних ба нэвтрэх шийдэл
- Хиймэл оюунд суурилсан “иргэнээ хөтөлдөг” цэс
- Төлбөр, тооцооны иж бүрэн үйлчилгээ
- Шинэчилсэн загвар, дизайн
- Лавлагаа, тодорхойлолтыг олон хэл дээр авах боломж
- Шинээр төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах шийдэл
Ирээдүйн чиг хандлага
E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн томоохон алхам болж, төрийн үйлчилгээ авах процессыг илүү хүртээмжтэй, ойлгомжтой, хялбар болгоно гэж албаныхан онцолж байна.