Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 30 дахь улирлын плей-оффын тоглолтууд улам өрнөлтэй үргэлжилж байна. Өчигдөр Сэлэнгэ Бодонс болон BCH Найтс багуудын цувралын тав дахь тоглолт болж өндөрлөлөө. ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн Бодонс өмнөх тоглолтуудад 3-1 харьцаагаар тэргүүлж байсан бөгөөд энэ удаад ялалт байгуулснаар цувралыг дуусгах зорилготой талбайд гарсан. Харин Найтс бууж өгөхийг хүссэнгүй, ялалт байгуулж, боломжоо хадгалахыг хичээсэн юм.
Тоглолтын явцад хоёр багийн өрсөлдөөн эцсийн мөч хүртэл үргэлжилсэн. Казинс багийн гол ачааг үүрч, оноо авалт, самбарын тоглолтоор тэргүүлэв. Түүнийг хамгаалахад хэчнээн хүнд байгааг үзэгчид бүрэн ойлгосон биз. Мөн О.Тулга ч Казинсын тоглолтыг дэмжиж, хамгаалагчдыг өөртөө татсанаар өрсөлдөгч багийг хүндрэлд орууллаа.
Тоглолтын турш Бодонс оноогоор илүү явж байсан ч шийдвэрлэх мөчид Найтс нэг онооны тэргүүлэлтэй болсон. Гэвч Казинс хариуг нь тэр дор нь өгч, хэмнэлийг нь тасалдуулсан юм. Харин хамгаалалтын хувьд Найтс Казинс дээр төвлөрсөн байдалтай байсан тул О.Тулгад хамгаалалтаас гарах илүү боломж гарч, тэр ч үүнийг бүрэн ашигласан.
Сүүлийн секундүүдэд Бодонс хоёр оноогоор илүү гарч, Найтсын сүүлийн боломж О.Эрдэнэцогтын гарт үлдсэн. Гэвч цагираг руу шидсэн түүний бөмбөг багийнх нь цааш өрсөлдөх мөрөөдлийг үгүй хийлээ. Ийнхүү Бодонс цувралын ялагчаар тодорч, Найтс эхний шатанд тэмцээнээ өндөрлүүлэв.
Энэ тоглолт Найтсын хувьд Г.Эрдэнэцогтын “MVP” түвшний улиралын гэнэтийн төгсгөл байлаа. Гэхдээ үүнээс ч илүү Б.Мөнхболд, О.Ууганбаяр нарын карьерын сүүлийн тоглолт онцгой харамсалтай өнгөрсөн нь олон хүнд сэтгэл дундуур үлдээсэн юм. Гарьд байхаас нь хойш Найтсын төлөө зүтгэж, багийн амжилтын үндэс суурь болж ирсэн энэ хоёр тамирчин зохих ёсны хүндлэл, бахархалт үдэлтийг хүртэж чадсангүй.
Ялангуяа Б.Мөнхболдын хувьд багтаа тус болох хүсэл, чадвар нь байсан ч тоглох цагийг олгосонгүй. Хэдхэн жилийн өмнө дээд лигийн хамгийн их анхаарал татдаг, хайрлагддаг, мөн үзэн ядагддаг тоглогчдын нэг байсан тэрээр сүүлийн тоглолтдоо үзэгчдийнхээ хүлээлтийг биелүүлж чадсангүй. Харин О.Ууганбаяр Казинстай таван тоглолт тулалдсан нь түүний жинхэнэ тамирчны чанар, сүүлчийн тэмцэгч байдлаа харуулсан мөч байв.
Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн түүхэнд өөрийн орон зайг тод үлдээсэн хоёр домог дэндүү чимээгүй, хүндлэл багатайгаар зодог тайллаа.