Хүний наймааны хэргээр буруутгагдсан ч зарим зүйл ангид цагаатгав
АНУ-ын нэрт реппер, продюсер Шон Комбс (P. Diddy)-г эмэгтэйчүүдийг садар самуунд өдөөн турхирсан, тээвэрлэсэн гэх хэрэгт буруутай хэмээн шүүх дүгнэсэн байна. Харин хүн худалдаалах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх зүйл ангиар түүнийг цагаатгав.
Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Шон Комбс 10-р сарын 3-ны өдөр ялын тогтоол гарах хүртэл шоронд үлдэх бөгөөд түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг эсэргүүцсэн байна. Хэрвээ бүх зүйл ангид буруутай нь тогтоогдсон бол түүнд 20 хүртэл жилийн хорих ял оноох боломжтой байсан.
Шүүх: “Насанд хүрэгчдийн харилцаанд хүчирхийлэл гаргасныг өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн”
Репперийн өмгөөлөгч түүнийг батлан даалтаар суллахыг хүсэж, түүний хувийн онгоц ашиглагдахгүй байгааг дурдаж, оргох эрсдэл байхгүй гэж мэдэгдсэн. Мөн P. Diddy 2018 оноос хойш хүчирхийлэл үйлдээгүй бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөрт сайн дураараа оролцож байсан гэж өмгөөлөгч нь онцолжээ.
Гэвч түүний хуучин найз бүсгүй, дуучин Кэсси Вентура шүүхэд хандсан захидалдаа “Хэрвээ түүнийг сулвал бусдад аюул учруулна” хэмээн мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэрт “өмгөөлөгч нь түүний хувийн харилцаанд хүч хэрэглэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн” гэж дурджээ.
Шүүх хурал хоёр сар үргэлжилж, яллах таван зүйл ангийн гурваар цагаатгав
Нью-Йорк хотод болсон холбооны шүүх хурал хоёр сар үргэлжилсэн бөгөөд тангарагтны шүүх 13 цаг хэлэлцээд буруутгах таван зүйл ангийн гурваар түүнийг цагаатгасан юм. Гэсэн ч хамгийн ноцтой нь — садар самуунд өдөөн турхирч хүнийг тээвэрлэсэн гэх зүйл ангиар буруутай нь тогтоогдсон юм. P. Diddy одоогоор Бруклин дэх холбооны хорих ангид хоригдож байна.