Даваа, 6 сар 30, 2025
HomeУлс төрЗасгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрүүд

Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрүүд

2025 оны зургаадугаар сарын 25-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах гол асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоох, дархлаажуулалтыг зохион байгуулах

Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоох, улсын хэмжээнд дархлаажуулалтыг зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтын явцыг хамтран хянаж, дархлаажуулалтад хамрагдаагүй суралцагчдыг 2025 оны есдүгээр сард нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт даалгалаа.

Ерөнхий сайд хэлэхдээ:
“Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа юм.”

Яамдын бүтэц, орон тоог цөөлөхөөр боллоо

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Үүнтэй уялдуулан “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төрийн үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, хүнд суртлыг бууруулах, шат дамжлагыг цөөлөх, давхардал, хийдлийг арилгах зорилгоор яамдын газар, хэлтсийг нэгтгэж, шаардлагагүй нэгжийг хасах замаар яамдын бүтцийг цомхон, оновчтой болгох зарчмыг баримталж, нэгжүүдийг 31 хувиар бууруулна. Ингэснээр удирдах албан тушаалтны тоо мөн 31 хувиар багасна.

Эрчим хүчний зарим компаниудыг нэгтгэх шийдвэр гаргалаа

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д нэгтгэн зохион байгуулах шийдвэр гаргалаа. Мөн “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Эрчим хүчний үндэсний төв”-д нэгтгэхээр боллоо.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэхдээ:
“Монгол Улсын Ерөнхий сайд бодлого, зорилтоо тодорхойлохдоо үр ашиггүй, алдагдалтай ажилладаг компаниудыг татан буулгах, нэгтгэх, хувьчлах замаар төрийн өмчийн реформ хийнэ гэж зарласан. Энэ хүрээнд холбогдох яамд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн ийм шийдвэр гаргалаа. Ингэснээр компанийн чиг үүргийн давхардал арилж, үр ашиг дээшилж, орон тоо хэмнэгдэн зардал буурна.”

2025 онд нийт 8,702 иргэнд 961.6 га газар өмчлүүлэхээр боллоо

“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Газрын санг нэгдмэл, уялдаа холбоотой байлгах үүднээс 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газар тухайн онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын жагсаалтыг орон нутгийн саналд үндэслэн нэгтгэн шийдвэрлэдэг болсон.

Тогтоол батлагдсанаар Нийслэлийн Налайх дүүрэг, 7 аймгийн 35 сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, нийслэл болон 19 аймгийн 86 сумын төлөвлөгөөнд тодотгол хийж, нийт 44.4 мянган га талбай бүхий 3,797 байршлыг улсын хэмжээнд эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

Төлөвлөлтийн дагуу:

  • 296 байршилд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээ хэрэгжинэ
  • 221 байршилд хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ
  • Малчдын хоршоонд газар эзэмшүүлэх, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах, орон сууцжуулах төсөл хэрэгжих болно

Мөн Завхан, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн саналын дагуу тухайн аймгуудад 2025 онд нийт 18.03 га талбай бүхий 158 иргэний газрыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд нийслэл болон 18 аймгийн 114 сумын нутаг дэвсгэрт нийт 8,702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэх юм.

“Алт-3” аяныг орон даяар хэрэгжүүлнэ

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг улс даяар зарлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихаар боллоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулахдаа:
“Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч, олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ хэлбэлзэлтэй, цаашдын төлөв тодорхойгүй байна. Үүнтэй холбогдуулан:

  • Газрын тосны бүтээгдэхүүний захиалга, худалдан авалтыг нэмэгдүүлж, нөөцийг өсгөх ажлыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах
  • Санхүүжилтийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх талаар Монгол банктай хамтран судалгаа, санал боловсруулах
  • Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах барих ажлыг үргэлжлүүлэхийг даалгалаа.”

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 20 байраар урагшиллаа

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг жендэрийн ялгаатай байдлын индексээр Монгол Улс 2024 онд 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж, 20 байраар ахисан байна. Боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахицтай байгаа бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120-р байрнаас 99-д, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20 хүртэл ахисан нь “ахиц дэвшилттэй” үнэлэгдэж байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу Засгийн газар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх тайлан”-г Улсын Их Хуралд гурав дахь удаагаа хүргүүлэхээр боллоо.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд