Нийслэлийн Ерөнхий архитекторын удирдлага дор ажиллаж буй албаныхан авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын ойролцоо зам дагуу “on street” төрлийн авто машины зогсоол байгуулах зураг төслийг боловсруулжээ.
Энэ бүсийн замын урд хэсэг нь өргөн талбайтай боловч автомашинууд замбараагүй байрладаг тул анхны зураг төслийг бага зэрэг өөрчлөн, явган хүний болон дугуйн зам, мөн ногоон байгууламжийг нэмэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр тус хэсгийг “иж бүрэн гудамж” болгон тохижуулах юм.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлэхдээ: “Аравдугаар хороолол орчим нь 5 хороог хамардаг, 40-50 мянга гаруй оршин суугчтай тул 1-2 км орчим ил буюу зам дагуу зогсоол хэрэгтэй. Тухайн хэсэгт дулааны шугам, худаг байрладаг учир бүхэлд нь асфальтаар хучилгүй зарим хэсэгт тасалж, ногоон байгууламж болгон тохижуулна” гэжээ.
Төслийн онцлог
- 370 авто машины багтаамжтай ил зогсоол шинээр баригдана.
- Явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийг хамтад нь шийдэж, иж бүрэн гудамж бий болгоно.
- Дулааны шугам, худаг байрладаг хэсгийг асфальтаар бүрэн хучихгүй, ногоон байгууламж болгон тохижуулна.