Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч, дэлхийн нэртэй дуурийн уран бүтээлч Э.Амартүвшин дэлхийд нэр хүндтэй “Opera World” цахим хуудсын жагсаалтад дөрөвдүгээр байранд бичигдэж, дэлхийн шилдэг 5 дуурийн дуучны нэг болсныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
Энэхүү амжилтын үр дүнд түүний нэр хүнд олон улсын түвшинд улам бүр нэмэгдэж, Италийн алдарт “Amarone” дарсны үйлдвэрлэгч “Tomassi” компанийн нүүр царайгаар сонгогджээ. Түүний дүр төрх тус компанийн нэрийн дарсны шошгон дээр албан ёсоор байршуулсан байна.
“Арена Ди Верона”-гийн 102 дахь наадамд оролцоно
Э.Амартүвшин 2025 онд Италид зохион байгуулагдах нэр хүндтэй “Арена Ди Верона” фестивалийн 102 дахь улирлын тоглолтод уригдан оролцож байна. Тэрбээр дараах бүтээлүүдэд дуулахаар төлөвлөжээ:
- “Набукко” – 7 удаа
- “Реголитто” – 2 удаа
- “Аида” – 5 удаа
- “Травиата” – 3 удаа
Тус наадмын нээлтийн тоглолт “Набукко” дууриар хийгдэх бөгөөд тэрбээр гол дүрд дуулах юм.
Урлагийн замнал, амжилтууд
- 2009 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажиллаж эхэлсэн.
- 2011 онд — 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.
- 2022 онд — Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртсэн.
Э.Амартүвшин дараах олон улсын уралдаан, тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байжээ:
- 2011 – П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан, II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал (ОХУ)
- 2012 – Плачидо Домингогийн ОУ-ын уралдаан, I байр (БНХАУ)
- 2013 – Франциско Винасын нэрэмжит 50 дахь уралдаан, II байр, тусгай шагналууд (Испани)
- 2015 – “BBC Cardiff Singer of the World”, үзэгчдийн нэрэмжит шагнал (Их Британи)
- 2016 – “Seoul International Music Competition”, III байр (Өмнөд Солонгос)
Эдгээр амжилтууд нь түүнийг сонгодог урлагийн тайзнаа дэлхийд танигдсан уран бүтээлч болгосон юм.