Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрАвстрийн Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна

Австрийн Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Тус айлчлал нь Австрийн төрийн тэргүүн Монголд хийж буй анхны төрийн айлчлал юм.

Өнөөдөр 10:00 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсоор угтах ёслол үйлдэж, хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Соёл, урлаг, шинжлэх ухааны хамтын ажиллагаа

Айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд Австрийн алдарт хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецбергер тавдугаар сарын 18–28-ны хооронд Монголд ажиллаж, монгол уран бүтээлчидтэй хамтран “Сонгодог үдэш” тоглолтыг өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт толилуулна.

Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагаа

Монгол, Австри хоёр улс 1963 оны долдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж ирсэн.

2024 онд хоёр улсын худалдааны нийт эргэлт 39.53 сая ам.долларт хүрснээс 34.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн Австриас импортолж, 5.03 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ.

Австри улсад 2600 гаруй монгол иргэн амьдарч байгаагаас 200 орчим нь тус улсад суралцаж буй оюутнууд бөгөөд тэдний зургаа нь “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Леобен хотын Монтанагийн их сургуульд суралцаж байна.

Австрийн Ерөнхийлөгчийн танилцуулга

Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 онд Австрийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд дахин улиран сонгогдсон. Тэрбээр энэ жил 81 настай бөгөөд түүний Монгол дахь айлчлал нь хоёр улсын стратегийн харилцаанд шинэ хуудас нээж байгаа үйл явдал болж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд