Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмChild.mn сайт нээлтээ хийж, хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг боллоо

Child.mn сайт нээлтээ хийж, хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг боллоо

“Хүүхдийн төлөө мэдээлнэ” уриан дор ажиллах Child.mn хүүхдэд чиглэсэн цахим хэвлэл албан ёсоор нээлтээ хийж, энэ хүрээнд “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн төлөө” нэртэй уулзалт, хэлэлцүүлэг 2025 оны 5-р сарын 19-нд зохион байгуулагдлаа.

Хүүхдүүдийн 10 хувь нь сэтгэл зүйн дарамтад өртсөн байжээ

Child.mn сайтын үүсгэн байгуулагч А.Уянга: “Бид анх охидын подкаст хийхээр 500 охиноос судалгаа авсан. Гэтэл 10 хувь нь сэтгэл зүйн болон бэлгийн дарамтад өртсөн байлаа. Тиймээс бид зөвхөн хүйсээр бус, мэргэжлийн түвшинд хүүхдийн эрхийг судалж, дуу хоолойг нь хүргэх зорилгоор энэ сайтыг байгуулсан. Манай редакцын гол үнэт зүйл бол Монгол хүүхдийн эрх ашиг юм.

Хүүхдийн эрх — нийгмийн анхаарлын төвд биш байна

ХЭҮК-ын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан гишүүн Ж.Хунан хэлэхдээ: “Манай улс “Хүүхдийн эрх нэгдүгээрт” гэсэн зарчмыг хэрэгжүүлж чадахгүй байна. Хүүхэд хүн амын гуравны нэгийг эзэлдэг. Насанд хүрэгч бүр хамгаалагч байх үүрэгтэй. Хэвлэл мэдээлэл олон нийтийг соён гэгээрүүлэх чухал үүрэгтэй. Энэ утгаараа анхны хүүхдийн чиглэлийн мэргэжлийн сайт нээгдэж буйд баяртай байна.

Хэвлэл мэдээлэл хүүхдийг хэрхэн дүрсэлдэг вэ?

Доктор Ц.Оюунтунгалаг 2023 оны “Максима Медиа” компанийн судалгааг танилцуулав. Судалгаагаар:

  • Радиогоос: зөвхөн FM 107.5
  • Сэтгүүлээс: “Most”, “Гэрэлт цох”
  • Хэвлэлээс: “Өнөөдрийн хүүхдүүд”
  • Сайтаас: “Yolo.mn”, “Child.mn” нь хүүхдэд чиглэсэн мэдээлэл хүргэж байна.

Хүүхдийг хэвлэлээр дараах сөрөг хэвшмэл дүрүүдээр харуулдаг байна:

  • Хохирогч
  • Өлсгөлөнд нэрвэгдэгч
  • Асуудал үүсгэгч
  • Хариуцлагагүй өсвөр үеийнхэн
  • Бяцхан дүрсгүй хүүхэд

Иймд нэгдсэн бодлогын зохицуулалт шаардлагатайг онцоллоо.

Хүүхдийн талаар хуурамч мэдээлэл хэрхэн үүсдэг вэ?

Монголын Баримт Шалгах Төвийн Ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг: “Сүүлийн таван жилийн мэдээллийг шалгахад, хүүхдийн эрхийн ноцтой зөрчил, ташаа мэдээлэл, сэтгэл хөдлөлд хөтөлсөн пост олон байлаа. Сэтгүүлч бус хэрэглэгчийн нийтлэлд сэтгүүл зүй мэт ханддаг нь түгээмэл алдаа юм.”

Хуурамч агуулгын хэлбэрүүд:

  • Зохиомол түүх (жишээ нь: “энэ хүүхэд гэр бүлээ тэжээдэг” гэх мэт)
  • Худал мэдээлэл (эх сурвалжгүй, хэт сэтгэл хөдлөлд тулгуурласан)
  • Хуурамч зураг (AI, фотошоп ашигласан)
  • Хандив нэрийн дор луйвар

Зорилго:

  • Хандалт нэмэх
  • Нийгмийн анхаарлыг сарниулах
  • Хэвлэл мэдээллийг татан оруулах

Тиймээс UNICEF, UNESCO-ийн дараах сэтгүүл зүйн зөвлөмжүүдийг баримтлахыг санал болгов:

  • Хүүхдийн зураг, нэрийг зөвшөөрөлгүй нийтлэхгүй
  • Романтик эсвэл айдас төрүүлэх хэлбэрээр мэдээлэхгүй
  • Хүүхдийн оролцоог зөв өнцгөөс тусгах
  • Хүүхдийг ашиглахгүйгээр мэдээлэл дамжуулах аргыг эзэмших

Сэтгүүлчдэд зориулсан зөвлөмж

Хүүхдээс ярилцлага авахдаа дараах зарчмыг мөрдөх нь зүйтэй:

  1. Тайлбарлах – Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, зорилгыг ойлгуулна
  2. Тухтай байлгах – Хүүхдэд тухтай орчин бүрдүүлж, хүн цөөтэй орчинд ярилцлага хийнэ
  3. Зөвшөөрөл авах – Хүүхэд болон асран хамгаалагчаас бичгээр зөвшөөрөл авна
  4. Анхааралтай сонсох – Яриаг нь таслахгүй, хүндэтгэлтэй сонсох
  5. Орчныг бэлтгэх – Сарниулах зүйлгүй, тайван орчин бүрдүүлнэ

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын байр суурь

  • Б.Баярмагнай (“Өнөөдөр”-ийн Хүүхдүүд сонин): “Төр, улс төрчид хүүхдээр шоу хийдэг ч эрхийг нь хамгаалахгүй байна. Төсөв хуваарилалт биш, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.”
  • Р.Адъяасүрэн (GoGo.mn, Yolo.mn): “Санхүүжилт тогтворгүй ч бодит мэдээлэл түгээх, хүүхдэд зориулсан зайг нөхөх нь тулгамдсан асуудал юм.”
  • Т.Агарзандан (МҮОНРТ): “Сөрөг мэдээлэл давамгайлж байна. Хүүхдийн эерэг талыг алдаршуулах, ололтыг нь нийтэд хүргэх шаардлагатай.”

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд