НүүрНийгэм2027 онд хүүхдийн хоолны зардал өснө: Цэцэрлэг 7700, үдийн хоол 5600 төгрөг...

2027 онд хүүхдийн хоолны зардал өснө: Цэцэрлэг 7700, үдийн хоол 5600 төгрөг болно

Ирэх 2027 оны улсын төсөвт цэцэрлэг болон бага ангийн сурагчдын хоолны зардлыг нэмэгдүүлэхээр тусгажээ.

Төлөвлөгөөний дагуу цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны нийт өртгийг 7700 төгрөг, ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын үдийн хоолыг 5600 төгрөг байхаар тооцсон байна.

Энэ дүнд зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнэ бус, хоол үйлдвэрлэхтэй холбоотой ажилчдын цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, цахилгаан зэрэг зардлыг мөн багтаажээ.

Сургуулийн үдийн хоолны хүнсний зардлыг 1000 төгрөгөөр нэмнэ

Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын үдийн хоолны нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эдийн зардал одоогоор 2500 төгрөг байгаа бол 2027 онд 3500 төгрөг болгохоор төлөвлөсөн байна.

Үүн дээр хоол үйлдвэрлэлд шаардагдах хүний нөөцийн цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт болон цахилгааны төлбөрт өдөрт дунджаар 2100 төгрөг нэмж тооцох аж.

Ингэснээр нэг сурагчийн үдийн хоолны нийт өртөг өдөрт 5600 төгрөгт хүрэхээр байна.

Харин одоогийн байдлаар энэхүү үдийн хоолны хөтөлбөрт зөвхөн I-V ангийн сурагчид хамрагдаж байгаа бөгөөд дунд, ахлах ангийн сурагчид хамрагддаггүй хэвээр байна.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны өртөг 7700 төгрөг болно

Цэцэрлэгийн хүүхдийн хүнсний түүхий эдийн зардлыг мөн нэмэгдүүлэхээр тооцжээ.

Одоогийн түвшнээс 1100 төгрөгөөр өсгөж, нэг хүүхдийн хүнсний зардлыг 4100 төгрөг болгохоор төлөвлөсөн байна.

Үүн дээр эцэг эх, асран хамгаалагчийн хариуцах 1000 төгрөгийг нэмэхэд зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд зарцуулах нийт дүн 5100 төгрөг болно.

Мөн хоол үйлдвэрлэхтэй холбоотой бусад зардал буюу ажиллах хүч, тоног төхөөрөмж, цахилгаан зэрэгт нэг хүүхдэд өдөрт дунджаар 2600 төгрөг тооцсоноор нийт өртөг 7700 төгрөгт хүрэх аж.

Хүүхдийн хоолны зардлыг зөвхөн хүнс худалдан авах мөнгөөр тооцох нь хангалтгүй гэж үзэж байгаа бөгөөд хоол бэлтгэх бүх шатанд нэмэлт зардал гардаг байна.

Дунд, ахлах ангийн сурагчид одоогоор хөтөлбөрөөс гадуур байна

Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчид үдийн хоолны хөтөлбөрт хамрагддаг бол дунд болон ахлах ангийн сурагчид одоогоор уг үйлчилгээнд хамрагддаггүй.

Гэвч өсвөр насанд хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжил эрчимтэй явагддаг тул чанартай, шим тэжээлтэй хоол хүнсээр тогтмол хангах нь эрүүл мэнд төдийгүй суралцах чадвар, анхаарал төвлөрөлд чухал ач холбогдолтой гэж үздэг.

Тиймээс үдийн хоолны хөтөлбөрийг цаашид дунд болон ахлах ангийн сурагчдад үе шаттайгаар өргөжүүлэх, мөн хоолны чанар, шим тэжээлийн тэнцвэрийг сайжруулах шаардлага хэвээр байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд