Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтийн ёслол 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр боллоо. Тус дагнасан шүүх нь ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, гэр бүл, хүүхэдтэй холбоотой маргаан, нэхэмжлэлүүдийг хүлээн авахаар төлөвлөгдөөд байна.
Нээлтийн ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Ж.Баясгалан, Канад Улсын ЭСЯ болон Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын удирдлагууд оролцов.
Шүүхийн шинэ үзэл баримтлал ба “эдгээх” хандлага
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт нээлтийн үеэр үг хэлэхдээ салбар дундын уялдаа холбоо бүхий therapeutic justice буюу анагаах чиг баримжаатай шүүхийн зарчмыг онцоллоо. Тэрбээр “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх – ялладаг, цээрлүүлдэг бус, асуудлыг эдгээн шийдвэрлэдэг, анагаадаг шүүх байх учиртай. Үүний дагуу эдгээх шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх, тогтооход та бүхний оролцоо хамгаас чухал” хэмээн тэмдэглэсэн юм.
Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт шүүгчдэд хандан “Гэр бүлийн маргааны цаана хүний амьдрал, итгэл найдвар, эцэг эхийн хариуцлага, хүүхдийн ирээдүй яригддаг. Тиймээс эрхэм шүүгчид, шүүхийн ажилтнууд та бүхнээс хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна хүнийг ойлгох ухаан, хүнлэг хандлага, өндөр ёс зүй ихээхэн шаардагдана” гэдгийг санууллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хангасан дэд бүтэцтэй болсныг сайшааж, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг чухалчилсан бол IDLO-ын Ерөнхий захирал Жан Бийгл энэхүү шинэчлэлийг хүний эрхийг хамгаалах чиглэлд гарсан томоохон ахиц хэмээн үнэлэв.
Мэргэшсэн бүтэц, томилгоо ба олон улсын дэмжлэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд 12 шүүгч, давж заалдах шатны шүүхэд 5 шүүгчийг томилоод байна. Шүүхийн бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтэс ажиллах бөгөөд сэтгэл зүйч, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч нар хамтран хэргийн нөхцөл байдалд нарийвчилсан үнэлгээ хийж ажиллах нөхцөл бүрджээ.
Тус бүтээн байгуулалт, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, IDLO-ын хэрэгжүүлж буй төсөл болон Европын Холбооны санхүүжилттэй “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдал”, “Твиннинг” төслүүдийн хүрээнд тоног төхөөрөмж олгож, мэргэжилтнүүдийг бэлтгэх үе шаттай сургалтуудыг зохион байгуулжээ.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд Гэр бүлийн тухай хуулиар нийт 11,689 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн статистик гарсан нь гэр бүл, өсвөр үеийнхний маргааныг ийнхүү дагнан шийдвэрлэх мэргэшсэн шүүх байгуулах нийгмийн бодит шаардлага байсныг харуулж байна.
