Олон улсын жүдо бөхийн холбооноос Будапештийн “Их дуулга” тэмцээний дараа тамирчдын дэлхийн чансааг шинэчлэн зарлалаа. Сүүлийн тэмцээний үр дүнгээс хамаарч манай улсын зарим тамирчдын байр ухарсан ч медаль хүртсэн жүдочид чансаагаа асар өндөр хувиар ахиулж чадсан байна.
Тухайлбал, хоёр жилийн дараа их спортдоо эргэн ирж Будапештээс хүрэл медаль авсан Гавьяат тамирчин Б.Баасанхүү чансааны 116-гаас 63 байр урагшлан 53 дугаар байрт орж, ДАШТ-д өрсөлдөх боломжоо бүрдүүлэв. Түүнчлэн тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн Ө.Бямбасүрэн 515 дугаар байраас 446 байр огцом ахиж, 69 дүгээр байрт жагссан байна.
Тэмцээний дараах тамирчдын чансааны өөрчлөлтүүд:
- Эмэгтэйчүүдийн 57 кг: Л.Сосорбарам 9 байр ахиж, 49 дүгээр байрт орлоо.
- Эмэгтэйчүүдийн 52 кг: Б.Уранбаяр 4 байр урагшилж, 39 дүгээр байрт эрэмбэлэгдэв.
- Эмэгтэйчүүдийн 78 кг: О.Хүслэн 4 байр ахиж, 114 дүгээрт бичигдэв.
- Эрэгтэйчүүдийн 60 кг: Н.Мэндсайхан 6 байр урагшилж, 135 дугаар байрт орлоо.
- Эрэгтэйчүүдийн 66 кг: Ө.Жанцандорж 64 дүгээр байраа хадгалж үлдсэн байна.
- Эрэгтэйчүүдийн 73 кг: Л.Анхзаяа 8 дугаар байраа хадгалсан бол Л.Энхдөл 287 байр ахин 210 дүгээрт бичигдлээ.
Харин тэмцээнд амжилт тааруу үзүүлсэн зарим жүдочдын дэлхийн чансаа 1–3 байраар суларсан дүр зураг ажиглагдав. Тухайлбал эрэгтэйчүүдээс Б.Сүхбат, К.Ёолк, Б.Гончигсүрэн нар нэг, Т.Түмэнжаргал хоёр, Ё.Басхүү гурван байр ухарсан бол эмэгтэйчүүдээс Ж.Анударь, Б.Ням-Эрдэнэ нар нэг, А.Адъяасүрэн хоёр байраар тус тус хойшилжээ.
