Маргааш буюу есдүгээр сарын 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай сэрүүхэн байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.
Мөн 12-13-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Иймд ил задгай байгаа төмс, хүнсний ногоо хайрагдахаас сэргийлэхийг анхааруулжээ.
Улаанбаатар хот орчмоор маргааш үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө 4-6, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд бага зэргийн бороо орох нутгийг хугацаагаар нь авч үзвэл:
- 12-13-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар;
- 13-нд Дорнодын зүүн сумдын нутгаар;
- 15-нд Баян-Өлгийн зарим сум, Увсын хойд сумдын нутгаар;
- 15-16-нд шилжих шөнө Увс, Хөвсгөлийн зарим сумдаар;
- 16-нд Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сум, Архангай, Булганы хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бороо орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр байна. Харин 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0-5 градус хүйтэн байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Есдүгээр сарын 14-нөөс ихэнх нутгаар дулаарч, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байх төлөвтэй.
