Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.
Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж буй энэ удаагийн айлчлал нь найрсаг харилцаа, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн зэрэгцээ тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлоход онцгой ач холбогдолтойг талууд онцолсон байна.
Хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгаас гадна боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлж, үр дүнтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн айлчлалын хүрээнд зохион байгуулах хувийн хэвшлийн Дугуй ширээний уулзалт нь хоёр улсын бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн шууд харилцааг нэмэгдүүлэх, шинэ түншлэл болон шинэ зах зээл бий болгоход чухал түлхэц болно гэдэгт хоёр тал итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн Монгол, Монтенегро улсууд олон улс болон бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудаа харилцан дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахаа нотоллоо.
