Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн ирэх 8-р сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Монголын Волейболын Холбоо тус тэмцээнийг Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн шилдэг үндэсний шигшээ багууд Монголд өрсөлдөх юм.
Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ зэрэг Азийн төдийгүй дэлхийн волейболын хүчирхэг төлөөллүүд оролцоно. Мөн Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн шигшээ багууд Зүүн Азийн аваргын төлөө хүч сорих юм.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь бүс нутгийн хамгийн өрсөлдөөнтэй волейболын тэмцээнүүдийн нэгт тооцогддог. Монгол Улсын хувьд уг тэмцээнийг тав дахь удаагаа эх орондоо зохион байгуулах гэж байна.
Манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онуудад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байжээ. Энэ хугацаанд Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй шигшээ баг 2015, 2017 онд дараалан дөрөвдүгээр байр эзэлж байсан юм.
Тэмцээний товч мэдээлэл:
- Тэмцээн: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн
- Хугацаа: 2026 оны 8-р сарын 5-9
- Оролцогч орнууд: Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Хонконг, Макао
- Зохион байгуулагч: Монголын Волейболын Холбоо
- Эрх олгогч: Зүүн Азийн Волейболын Холбоо
Монголын Волейболын Холбоо удирдах зөвлөлөө шинэчлэн бүрдүүлсний дараа холбооны урт хугацааны хөгжлийг дэмжих чиглэлээр бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд CU Mongolia тэргүүн түншээр, багын спортыг дэмжигч Голомт банк алтан түншээр хамтран ажиллаж байгаа бол ЦойлогсоZ коммьюнити партнераар нэгдсэн байна.
Коммьюнити партнер ЦойлогсоZ нь тэмцээнийг дэмжихээс гадна залуучуудын дунд волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг уриалах, спортын эерэг соёлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын волейболын хөгжлийг урт хугацаанд дэмжих, спортын орчныг тогтвортой хөгжүүлэх түншлэлийн эхлэл болж байна.
Зохион байгуулагчдын онцолж буйгаар, энэ удаагийн тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ үеийг эхлүүлэхээс гадна олон улсын тэмцээн зохион байгуулах чадавхыг бататгах стратегийн ач холбогдолтой юм. Азийн шилдэг багуудыг эх орондоо хүлээн авах нь спортын аялал жуулчлал, үзэгчдийн соёл, шигшээ багийн өрсөлдөх чадварт ч эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Монгол Улсын Үндэсний шигшээ баг эх орондоо болох уг тэмцээнд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна. Энэ удаагийн бүрэлдэхүүний онцлог нь гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглож буй Монголын шилдэг тамирчид шигшээ багтаа эргэн нэгдэж байгаа явдал юм.
Тодруулбал, Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, М.Уранбаяр нар Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдсэн байна. Ингэснээр Монголын эрэгтэй шигшээ баг гадаадын мэргэжлийн лигүүдэд туршлага хуримтлуулсан тамирчдаа нэгтгэн, эх орныхоо нэрийн өмнөөс хүчирхэг бүрэлдэхүүнээр талбайд гарахаар болжээ.
Волейбол нь бүх насныхан хамтдаа үзэж, тоглож, хичээллэх боломжтой хүртээмжтэй спортын нэг. Тиймээс Зүүн Азийн аварга шалгаруулах энэ тэмцээн нь спорт сонирхогчдод Азийн шилдэг багуудын тоглолтыг эх орондоо үзэх, Үндэсний шигшээ багаа гэр бүл, найз нөхдийн хамт дэмжих ховор боломжийг олгож байна.
Тасалбарыг: https://www.portal.mn/events/volleyball-8-7
