Вьетнам улсад хүнсэнд хэрэглэхээр нядалгаанд бэлтгэж байсан 400 гаруй муурыг цагдаа нар аварч, уг үйлдэлтэй холбоотой есөн этгээдийг баривчилсан байна.
Хо Ши Мин хотод гэрийн тэжээвэр амьтдын хулгайн хэргийг шалгах явцад цагдаа нар зургадугаар сарын 11-нд энэхүү бүлэглэлийг илрүүлжээ. Нийт 400 гаруй амьд муур, мөн 80 үхсэн муур олдсон бөгөөд үхсэн мууруудыг мөсөөр хадгалж байсан байна. Нэмж дурдахад, өөр нэг байрнаас 21 муурыг хураан авчээ.
Вьетнам улсад муур, нохойн махыг хуулиар хэрэглэхийг зөвшөөрдөг ч худалдаачид амьтдын гарал үүслийн баримт бичигтэй байхыг шаарддаг аж. Сэжигтнүүд сүүлийн гурван жилийн турш улсын хэмжээнд муур цуглуулж, хулгайлж, тусдаа байранд хорьж, хоёроос гурван өдөр тутамд худалдаачдад нийлүүлж байсан гэж мөрдөн байцаалтад тогтоогджээ.
“Амьтдад ээлтэй хүмүүнлэг ертөнц” байгууллагын мэдээлснээр, аварсан мууруудаас 40 орчим нь эздэдээ эргэн очсон байна. Тус байгууллага ийм олон амьтны амь насыг аварсан төр засагт талархал илэрхийлж, хэрэг илрэх хүртэл цөөнгүй муур нас барсан нь харамсалтайг тэмдэглэжээ.
Эздэдээ очоогүй үлдсэн мууруудыг аюулгүй газар байрлуулж, хоол хүнс болон бусад хэрэгцээгээр хангаж байгаа аж. Тэжээвэр амьтнаа алдсан иргэдийг ирж, муур нь мөн эсэхийг таньж мэдэхийг уриалсан байна.
“Амьтдад ээлтэй хүмүүнлэг ертөнц”-ийн мэдээлснээр, Вьетнамд жил бүр таван сая нохой, нэг сая муурыг хүнсний зориулалтаар барьдаг, хулгайлдаг, шилжүүлдэг. Тэжээвэр амьтдыг ихэвчлэн гэрээс нь хулгайлж, хортой өгөөш, төмөр урхи ашиглан барьдаг гэнэ. Бусад Азийн орнуудтай харьцуулахад Вьетнамд нохой, муурын махны хэрэглээ өндөр хэвээр байгаа ч 2023 оны судалгаагаар олон нийт, ялангуяа залуучууд болон тэжээвэр амьтантай хүмүүс үүнийг эсэргүүцэх хандлага нэмэгдсээр байна.
