Монголд анх удаа олон улсын усан спортын фестиваль болно
Монголын усан спортын анхдагч клубүүдийн нэг “Далайн хаадууд”-ын 15 жилийн ойд зориулсан “Blue Mongolia Buir 2026” фестиваль Дорнод аймгийн Буйр нуурт зохион байгуулагдах гэж байна.
Манай улсад анх удаа болж буй энэхүү фестиваль энэ сарын 28-нд эхлэх бөгөөд задгай усанд сэлэлтийн олон улсын тэмцээн, соёл урлагийн хөтөлбөр, байгаль хамгааллын уриалгыг нэг дор багтааж байгаагаараа онцлог юм.
10 гаруй орны 100 орчим тамирчин оролцоно
Тэмцээнийг зохион байгуулагч Б.Ангараг фестивалийн талаар мэдээлэл өгчээ.
Тэрээр “Ойн баярыхаа хүрээнд хийж буй далайцтай ажлын нэг нь усанд сэлэлтийн тэмцээн. Тэмцээнд Япон, АНУ, Тайланд, Турк, Хятад, Орос, Иран тэргүүтэй 10 гаруй орны 100 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Гурван өдрийн турш өрсөлдөх тус тэмцээн өсвөр үе, ахмад, насанд хүрэгчид гэсэн ангиллаар задгай усанд сэлэлтийн тэмцээнийг стандарт дүрмийн дагуу эх орондоо анх удаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна” хэмээлээ.
Ингэснээр Буйр нуур Монголын задгай усанд сэлэлтийн анхны олон улсын хэмжээний томоохон талбар болох юм.
Буйр нуурын эрэгт тэмцээн, амралт, соёл урлаг хосолно
Фестивалийн үеэр иргэд Буйр нуурын эрэгт амрангаа тэмцээн үзэх боломжтой. Мөн соёл урлагийн цогц үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Задгай усанд олон улсын тамирчид өрсөлдөхөөс гадна байгаль, аялал жуулчлал, спортын соёлыг хослуулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдах аж.
Аюулгүй байдлыг мэргэжлийн байгууллагууд хангана
Задгай усанд сэлэлтийн тэмцээн нь оролцогчдын аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах шаардлагатай спортын төрөл юм.
Иймээс фестивалийн үеэр Онцгой байдлын байгууллага, Мэнэнгийн застав болон хилийн албатай хамтран ажиллаж, тэмцээний аюулгүй байдлыг хангахаар болжээ.
“Бид чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг усаа хайрлана”
“Blue Mongolia Buir 2026” фестиваль зөвхөн спортын тэмцээн бус, Монгол орны цэнгэг усыг хайрлан хамгаалах, Буйр нуурыг олон улсад сурталчлан таниулах зорилготой.
Зохион байгуулагчид энэхүү арга хэмжээгээр дамжуулан “Бид чандмань эрдэнэ хэмээн дээдэлдэг усаа хайрлана” уриалгыг дэвшүүлж байна.
Энэ нь усан спортын хөгжлийг байгаль хамгаалал, аялал жуулчлал, олон улсын сурталчилгаатай холбож буй чухал санаачилга юм.
Японы олимпын тамирчин Кацүми Накамүра ирнэ
Тэмцээнд олон улсын өндөр зэрэглэлтэй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тэдний дунд “Physical: Asia” шоуны оролцогч, Японы багийн ахлагч Кацүми Накамүра багтаж байгаа аж.
Кацүми Накамүра нь 100 метрийн өврөөр даллан сэлэх төрөлд Бүх Японы дээд амжилтыг эзэмшдэг. Тэрээр 2015 онд Японы усанд сэлэлтийн шигшээ багт багтаж, 2016 болон 2020 оны олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож байжээ.
Азийн наадам, ДАШТ-ээс медаль хүртсэн туршлагатай
Кацүми Накамүрагийн хувьд Азийн наадмаас долоон медаль, ДАШТ-ээс нэг медаль хүртсэн туршлагатай тамирчин юм.
Ийм зэрэглэлийн тамирчид Монголд ирж, Буйр нуурт зохион байгуулагдах тэмцээнд оролцох нь “Blue Mongolia Buir 2026” фестивалийн олон улсын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.
Монголын усан спортын шинэ эхлэл
“Blue Mongolia Buir 2026” фестиваль нь Монголд задгай усанд сэлэлтийн тэмцээнийг олон улсын стандартын дагуу зохион байгуулах анхны томоохон алхам болж байна.
Буйр нуурын байгалийн онцлог, олон улсын тамирчдын оролцоо, ус хамгаалах уриалга, соёл урлагийн хөтөлбөр зэрэг нь энэхүү фестивалийг зөвхөн спортын үйл явдал бус, Монголыг дэлхийд таниулах шинэ боломж болгож байна.

