Жүжигчин Мэттью Перригийн хувийн цуглуулгаас бүрдсэн эд зүйлсийг ирэх зургадугаар сарын 5-нд болох дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. Уг арга хэмжээг “Heritage Auctions” дуудлага худалдааны газар зохион байгуулж байна.
“The Guardian” сонинд мэдээлснээр, дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг “Matthew Perry Foundation” буяны санд хандивлах аж. Тус санг жүжигчнийг таалал төгссөний дараа түүний гэр бүлийнхэн байгуулсан бөгөөд хар тамхины хамааралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг юм.
Дуудлага худалдааны хамгийн онцлох үзмэрүүдийн нэг бол “Warner Bros” компаниас ирүүлсэн “Найзууд” (Friends) цувралын хамгийн анхны ангийн зохиол юм. Уг зохиол дээр Перри болон түүний хамтран тоглогчид болох Женнифер Энистон, Кортни Кокс, Лиза Кудроу, Мэтт Леблан, Дэвид Швиммер нар бүгд гарын үсгээ зуржээ. Уг ховор нандин үзмэрийн эхлэх үнэ 500 ам.доллар. Мөн тус цувралын хамгийн чухал 26 ангийн зохиолын цуглуулгыг 1,000 ам.доллараас дуудахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Перригийн 1995 онд хүртсэн Кино жүжигчдийн эвлэлийн (SAG) шагнал, түүний Бэтмений зурагтай цаг, захиалгаар хийлгэсэн теннисний ширээ болон Австралийн “Little River Band” рок хамтлагийн гараар бичсэн дууны үгнүүд дуудлага худалдаагаар зарагдах аж. Жүжигчний хувийн уран зургийн цуглуулгаас гудамжны нэрт зураач Бэнксигийн (Banksy) эх бүтээлүүдийг борлуулах бөгөөд дуудлага худалдааны газрын тооцоолж буйгаар тэдгээрээс хамгийн багадаа 800,000 ам.доллар олох боломжтой юм.
“Найзууд” цувралын Чендлер Бингийн дүрээр дэлхийд танигдсан Мэттью Перри 2023 оны аравдугаар сард 54 насандаа тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас таалал төгссөн билээ. 2025 онд шүүхээс түүний үхэлд гурван хүнийг, тэр дундаа “Кетамины хатан хаан” гэгддэг хар тамхины наймаачин Жасвин Сангхаг буруутган, ял оноосон юм.
