АНУ-ын Калифорни мужийн шүүхээс олны дунд “Кетамины хаан” хэмээн нэрлэгдсэн 42 настай Жасвин Сангад 15 жилийн хорих ял оноолоо. Түүнийг алдарт жүжигчин Мэттью Перригийн үхэлд шууд буруутгаж, хар тамхи нийлүүлсэн хэрэгт ялласан байна. Санга нь АНУ болон Их Британийн давхар иргэншилтэй бөгөөд 2024 онд баривчлагдсанаас хойш хуулийн байгууллага түүнд 65 жилийн хорих ял төлөвлөөд байжээ.
Шүүх хурлын үеэр Перригийн хойд эх Дебби Перри сэтгэл эмзэглүүлсэн мэдэгдэл хийж, “Санга хэдэн зуу, мянган хүнд гай зовлон авчирсан. Одоо надад баяр баясгалан, гэрэл гэгээ алга. Мэттью эргэн ирэхгүй” хэмээн хэрэгтэнд дээд хэмжээний ял оноохыг шаардсан юм. Хэргийг эргэн санахад, Мэттью Перри хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсаны дараа Холливудын хар тамхины нууц сүлжээ ил болсон билээ.

Энэхүү хэрэгт холбогдуулан нийт таван хүнийг баривчилснаас бусад этгээдүүдийн ялын байдлыг дурдвал:
- Эмч Сальвадор Пласенсия: 2025 оны 12 дугаар сард 2,5 жилийн хорих ял сонссон.
- Эмч Марк Чавес: 3 жилийн тэнсэн харгалзах ял болон 300 цаг олон нийтийн ажил хийхээр шийтгүүлсэн.
- Туслах Ивамаса: Перрид гурван тун кетамин тарьсан түүнд дөрөвдүгээр сарын сүүлээр ял оноохоор товлогджээ.
Мөрдөн байцаалтын явцад Перри тухайн нууц сүлжээнээс кетамин тогтмол авч байсан нь тогтоогдсон юм. Шүүхээс оноосон энэхүү ял нь хар тамхины хууль бус наймаа эрхлэгчдэд өгөх том анхааруулга болж байна гэж ажиглагчид үзэж байна.
