Кубын нийслэл Хавана хотын бараг бүх дүүрэгт цахилгаан тасарсан нь Антонио Гитерасын нэрэмжит дулааны цахилгаан станцад гарсан гэмтэлтэй холбоотой болохыг тус улсын төрийн өмчит эрчим хүчний компаниас мэдээллээ.
Уурын зууханд гэмтэл гарсны улмаас тус станцын үйл ажиллагааг орон нутгийн цагаар 03:00 цагт бүрэн зогсоосон байна. Нийслэлийн зарим хэсэгт цахилгаан тасралт хэдийнэ 11 цагаас хэтэрчээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус арлын улсын эрчим хүчний хангамж эрс муудаад байгаа юм. Үүнд цахилгаан станцуудын тоног төхөөрөмж хуучирч муудсан, мөн АНУ-аас 60 гаруй жилийн турш хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэлтэй түлшний нийлүүлэлтийн саатал голлон нөлөөлж байна. Нэгдүгээр сарын сүүлчээр АНУ-ын засаг захиргаа Куба руу чиглэсэн түлшний нийлүүлэлтийн хоригоо улам чангатгаснаас хойш цахилгаан тасралт ноцтой хэмжээнд хүрэв. Одоогийн байдлаар иргэд богино хугацаанд л цахилгаантай байж, бусад 10 гаруй цагт нь гэрэлгүй өнжиж байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Кубын үндэсний эрчим хүчний систем гурван ч удаа бүрэн зогсож байсан бөгөөд тухайн үед улс орон даяар хэдэн цагийн турш цахилгаан тасарч байсан юм.
