Пакистан болон Бангладеш улстай хиллэдэг хилээ хамгаалдаг Энэтхэгийн Хилийн аюулгүй байдлын алба (BSF) гол мөрөн бүхий хилийн бүсэд могой, матар ашиглах боломжийг судлах үүрэг өгсөн байна.
Энэ тухай “The Hindu” сонин BSF-ийн албаны тушаалаас иш татан мэдээллээ. Баримт бичигт “Голын дагуух эмзэг цэгүүдэд могой, матар зэрэг хэвлээр явагчдыг ашиглах боломжийг ажиллагааны талаас нь судлах шаардлагатай” хэмээн дурджээ.
Ялангуяа Энэтхэг, Бангладешийн хилийн дагуух гол мөрөн, намаг шавар ихтэй, уламжлалт хашаа саад барих боломжгүй, нэвтрэхэд хүндрэлтэй хэсгүүдэд хэвлээр явагчдыг байгалийн саад болгон ашиглах хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Гэхдээ энэхүү санаачилга нь одоогоор судалгааны шатанд байгаа бөгөөд нутгийн иргэдэд учруулж болох эрсдэлийг тооцоолж байгааг онцолсон байна.
Энэтхэгийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Энэтхэг болон Бангладеш улсын хилийн нийт урт 4900 гаруй км юм. Өмнө нь Энэтхэгийн засгийн газар хууль бус цагаачлал болон үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаанаас сэргийлэх зорилгоор үе шаттайгаар хашаа барьж, гэрэлтүүлэг суурилуулахыг зөвшөөрсөн. Хилийн ихэнх хэсэгт хашаа барьж дууссан ч байгалийн хүнд нөхцөлөөс шалтгаалан зарим хэсэгт саад барих боломжгүй хэвээр байгаа ажээ.
