Нийгмийг цочроосон онц хүнд гэмт хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай бяцхан охины амь насанд онц хэрцгийгээр халдсан М.Батчулуунд холбогдох хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцуулсан юм.
Шүүх хурлын эхэнд хохирогчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийн зүгээс хэргийн эмзэг байдлыг харгалзан хурлыг бүхэлд нь хаалттай явуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Ийнхүү хаалттай өрнөсөн хурлаар гэмт этгээд М.Батчулууныг хэрэг хариуцах бүрэн чадвартай болохыг тогтоож, хуулийн хамгийн хатуу ялыг оноосон байна.
Шүүхийн шийдвэрээр М.Батчулууныг биеэ хамгаалах чадваргүй жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцлоо. Тодруулбал:
- Бага насны хүүхэд алахыг завдсан хэрэгт 8 жилийн хорих ял
- Жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийг хөнөөсөн хэрэгт бүх насаар нь хорих ял тус тус оноов.
Улмаар нийт эдлэх ялыг бүх насаар нь хаалттай хорих ангид өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэмт этгээд хохирогчдыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж ийм аймшигт үйлдэл гаргасан нь ял хүндрүүлэх үндэслэл болжээ.
Хууль зүйн үндэслэл:
- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр алахыг завдсан гэм буруутайд,
- Мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхэд алсан гэм буруутайд тус тус тооцсон байна.
Ийнхүү олон хүний сэтгэлийг сэртхийлгэсэн хэргийн гэм буруутан хуулийн дагуу зохих цээрлэлээ хүртлээ.
