Ялалтын баярыг тохиолдуулан гал зогсоох тухай талуудын санал зөрөлдөж, фронтын шугам дээрх нөхцөл байдал улам ширүүслээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 8-наас 9-нд шилжих өдрүүдэд гал зогсоох шийдвэр гаргаснаа зарласан бол Украины тал үүнээс арай эрт буюу тавдугаар сарын 5-наас 6-ны хооронд эвлэрэх санал тавьсан юм. Гэвч энэхүү саналууд хэрэгжих боломжгүйг нөхцөл байдал харуулж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын байр суурийг шүүмжлэхдээ, Оросын тал зөвхөн цэргийн парад зохион байгуулах үеэрээ гал зогсоох сонголт хийж, бусад үед цохилт өгсөөр байж болохгүй гэдгийг онцолсон юм.
Эвлэрлийн хугацаа эхлэхээс өмнөх эмгэнэл
Мягмар гарагийн 00:00 цагаас Украины санал болгосон гал зогсоох хугацаа албан ёсоор эхлэх ёстой байв. Хэрэв Кремль энэхүү саналыг хүлээн авсан бол байлдааны ажиллагаа түр зогсох боломжтой байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ эргэжээ. Товлосон цагаас хэдхэн цагийн өмнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд томоохон хэмжээний цохилт өгч, үүний улмаас 27 хүн амь үрэгдсэн тухай мэдээлэл ирлээ.
Украины Гадаад хэргийн сайд Андрий Сибиха өөрийн Х хуудастаа дараах мэдэгдлийг хийжээ: Украины санал болгосон гал зогсоох хугацаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө ОХУ мөргөлдөөнийг түр зогсооход бэлтгэж байгаа шинж тэмдэг ажиглагдсангүй.
Крымийн хойгт өгсөн хариу цохилт
Украины талын санал болгосон гал зогсоох хугацаа дуусгавар болсноос хэдхэн минутын дараа Крымийн хойгт дэлбэрэлт болсон байна. Тус бүс нутгийн захирагч Сергей Аксеновын мэдээлснээр, Украины талаас Жанкой хотод цохилт өгсөн бөгөөд уг халдлагын улмаас таван энгийн иргэн амиа алджээ.
Одоогийн байдлаар талууд Ялалтын баярын өдрүүдэд нэгдсэн нэг хугацаанд гал зогсоох тухай ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Энэхүү ээлжит харилцан цохилтууд нь дайн зогсох болоогүйг сануулахын зэрэгцээ энгийн иргэдийн амь насыг авч одсоор байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: Reuters
