Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД” болгон тэмдэглэдэг. Монголын татварын алба энэ арга хэмжээг 27 дахь жилдээ “ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЗӨВЛӨГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор орон даяар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, татвараа шударгаар төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, татвар төлөгчид болон баялаг бүтээгчдэд хандан үг хэлсэн байна.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсөв бүрдэж, эмч, багш, төрийн албан хаагчдын цалин, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт санхүүждэгийг онцоллоо. Тэрбээр “Төсвийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч Та бүхний мөнгө л бий” хэмээн мэдэгдсэн юм.
Шинээр бүрдсэн Засгийн газар хөдөлмөрлөж, бүтээж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд саад болж буй хүнд суртлыг бууруулах зорилгоор “Чөлөөлье” бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөг дэмжих чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргасан байна.
Ерөнхий сайдын онцолсон гол шийдвэрүүд:
- Татварын өртэй 12153 компани, аж ахуйн нэгжийн битүүмжлэгдсэн дансыг нээсэн
- 2026 онд төлөвлөгөөт эрүүл мэнд, байгаль орчноос бусад 7300 гаруй хяналт шалгалтыг цуцалсан
- Төрийн байгууллагуудын хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмыг багасгахаар ажиллаж байна
- “No surprise” зарчмыг хэрэгжүүлж, төрөөс гэнэтийн шийдвэрээр бизнесийн орчинд дарамт үүсгэхгүй байхыг зорьж байна
Мөн Ерөнхий сайд татварын бодлого нь баялаг бүтээгчдийг дарамтлах бус дэмжих, хаах бус нээх зарчимд тулгуурлана гэдгийг мэдэгдэв. Түүний хэлснээр татварын эрх зүйн орчныг илүү уян хатан, ойлгомжтой болгож, хууль ёсны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэл баримтлах аж.
Тэрбээр татварын хувь хэмжээнээс гадна шударга тогтолцоо чухал гэдгийг онцолсон байна. “Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог” гажуудлыг засахгүйгээр татварын бааз суурийг өргөтгөх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Засгийн газар татвар төлөгчдийн төлсөн нэг төгрөг бүрийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж, төсвийн сахилга батыг хангах чиглэлд ажиллана гэв. Мөн татвар төлөгчдийг хүнд суртал, ачаа дарамтаас чөлөөлөх зорилготой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их хуралд өргөн барихаар төлөвлөж байна.
