NFL-ийн тоглогч Трэвис Келси шинэ улирлын бэлтгэлдээ ирэх үеэрээ Тэйлор Свифттэй хийсэн хуримынхаа талаар анх удаа сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр өнгөрсөн зун өөрийнх нь хувьд онцгой дурсамжтай өнгөрсөн хэмээн онцолсон байна.
Келси “Энэ зун үнэхээр сайхан байлаа. Хурим бол миний амьдралын хамгийн сайхан шөнө байсан. Бидэнтэй хамт ирж, баярлаж, хөгжилдсөн бүх хүмүүст талархаж байна” хэмээн ярьжээ. Variety-ийн мэдээлснээр Келси, Свифт нар долоодугаар сарын 3-нд Нью-Йорк хотын Madison Square Garden-д хуримаа хийсэн байна.
Ёслолыг жүжигчин Адам Сэндлер удирдан явуулсан гэх мэдээлэл гарчээ. Хуримд ойролцоогоор 1,000 зочин оролцсон бөгөөд урлаг, спортын олон алдартан хүрэлцэн ирсэн байна.
Хуримын зочдын дунд:
- Селена Гомез, Жулия Робертс, Эд Ширан;
- Жек Антонофф, Том Хэнкс, Зои Кравиц;
- Стивен Спилберг, Брэдли Купер, Жижи Хадид нар байжээ.
Мөн Пол Маккартни, Стиви Никс, Тим Макгроу нар хүлээн авалтын үеэр уран бүтээлээ толилуулсан гэх мэдээлэл байна. Үдэшлэг цааш караокед шилжихэд Келси өөрөө ч микрофон барин дуулжээ.
Хуримын үеэр тансаг гар цүнх, 1970 оны Chevrolet Corvette зэрэг өндөр үнэтэй шагнал бүхий сугалаа болон төрөл бүрийн тоглоом зохион байгуулсан байна. Келси уг үдшийг “Үнэхээр галзуу шөнө байсан. Дурсамжтай мөчүүдээр дүүрэн байлаа. Madison Square Garden-д очих нь миний хүүхэд насны мөрөөдөл байсан. Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, спортын бүх ертөнцийн өлгий болсон энэ газарт очоод зогсохгүй, тэнд гэрлэсэн нь үнэхээр гайхалтай байсан” гэж дурсжээ.
Тэрбээр мөн “Бид хувийн, нууцлаг хурим хийхийг хүсэж байсныг ойлгож, ийм боломж олгосон Madison Square Garden-ийн эзэд болон удирдлагуудад талархсан. Бүх зүйл төгс байсан” хэмээн ярьсан байна. Хосууд хуримын ёслолоо хэвлэл мэдээллээс нууцлахын тулд өндөр түвшний зохион байгуулалт хийжээ.
Тухайлбал, зочдод хурим болохоос өмнө оролцох эсэхээ задруулахгүй байх нууцлалын гэрээ илгээсэн байна. Хосууд “Тийм ээ” гэж хэлэх мөчид Madison Square Garden-ийн гаднах дижитал дэлгэцүүд дээр “JusT&T Married!” гэсэн бичиг гарсан нь “Just Married” гэх үгийг Тэйлор, Трэвисийн нэрийн T үсгээр илэрхийлсэн хэлбэр байжээ.
Тэдний харилцаа 2023 оны долоодугаар сарын 8-нд эхэлсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Тухайн өдөр Келси Канзас-Сити дэх Arrowhead Stadium-д болсон Свифтийн Eras Tour тоглолтыг үзэж, тайзны ард түүнтэй уулзан утасны дугаараа бичсэн гар хийцийн нөхөрлөлийн бугуйвч өгөхийг хүссэн ч уулзаж чадаагүй аж.
Келси энэ тухайгаа “New Heights” подкастдаа ярьж, тухайн үед сэтгэл дундуур үлдсэнээ хэлж байжээ. Харин найзууд нь болон Тэйлорын ээж Андреа Свифт хүртэл түүнд боломж олгохыг зөвлөсний дараа Свифт, Келси нар болзож эхэлсэн байна.
Удалгүй 2023 оны есдүгээр сарын 24-нд Свифт анх удаа Келсигийн тоглодог Chiefs багийн тоглолтыг үзэхээр цэнгэлдэхэд иржээ. Ийнхүү олон нийтийн анхаарлын төвд байсан хосын харилцаа гурван жилийн дараа гэр бүлийн шинэ амьдралаар үргэлжилж байна.
Эх сурвалж: Variety
