Төрийн их тахилгын гол ёслол эхэлжээ
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутагт орших Отгонтэнгэр хайрхны Төрийн их тахилга 2026 оны зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өглөө 05:00 цагаас тахилгын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих Төрийн их тахилгын гол ёслол 11:40 цагт албан ёсоор эхэлж, үргэлжилж байна.
Хайрхны бэлд 44 мянга орчим хүн цугларчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлиг болон 2022 оны 28 дугаар зарлигаар батлагдсан журам, хуваарийн дагуу энэхүү ёслолыг зохион байгуулж байгаа юм.
Төрийн их тахилгад оролцохоор орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тахилгын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 16-ны 21:00 цагийн байдлаар Отгонтэнгэр хайрхны бэлд 44 мянга орчим сүсэгтэн олон цугласан байжээ.
Үндэсний сур, шагайн харваагаар арга хэмжээ эхэлсэн
Төрийн их тахилгын арга хэмжээ өчигдөр үндэсний сур болон шагайн харваагаар эхэлсэн байна.
Үүний дараа гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт, шашин урлагийн цэнгүүн зэрэг хөтөлбөрүүд зохион байгуулагджээ. Мөн өчигдөр орой “Долоон бурхан” оддыг газарт буулгаж тахих ёслол болсон байна.
Өнөөдөр морь, бөх, урлагийн хөтөлбөрүүд үргэлжилнэ
Өнөөдрийн хөтөлбөрийн хүрээнд оролцогчид нүүдэлчдийн отгоор зочилж, уламжлалт мал аж ахуй, монгол ёс заншилтай танилцах юм.
Үүний дараа 14:00 цагаас Их насны морьдын уралдаан, Үндэсний бөхийн барилдаан, Завхан нутгийн шилдэг 100 дууны цомгийн нээлт болон “Би хаана төрөө вэ” урлагийн цэнгүүнээр хаалтын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Отгонтэнгэр хайрхан 1995 онд Төрийн тахилгатай болсон
Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан уулыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны 110 дугаар зарлигаар Төрийн тахилгатай болгосон юм.
Түүнээс хойш Отгонтэнгэр хайрхныг 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онуудад тус тус тахиж байжээ. Отгонтэнгэр хайрхан нь монголчуудын хувьд төрт ёс, байгаль дэлхий, гал голомтын бэлгэдэл болсон ариун дагшин уулд тооцогддог.
Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул бий
Өдгөө Монгол Улсад төрийн тахилгатай 12 уул байдаг. Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрийн тахилгын ёслолыг таван жилд нэг удаа үйлддэг уламжлалтай.
Энэхүү ёслол нь зөвхөн шашин, сүсэг бишрэлийн шинжтэй арга хэмжээ бус, төрт ёс, түүхэн уламжлал, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах монголчуудын үзэл санааг илэрхийлдэг байна.
Иргэдэд байгаль орчноо хамгаалахыг анхаарууллаа
Сүүлийн жилүүдэд тахилгын үеэр зорчих сүсэгтэн олны тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор албаныхан байгаль орчноо хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.
Иргэдийг буудалласан газартаа хог хаяхгүй байх, хог хаягдлаа заасан цэгүүдэд төвлөрүүлэхийг уриалжээ.
Бадархундага нуурт аяга шидэхгүй байхыг сануулав
Мөн сүсэгтэн олон Бадархундага нууранд мөнгөн аяга шидэж өргөл өргөх тохиолдол нэмэгдсэн байна. Албаныхны тайлбарласнаар, энэ нь нуурын ундаргыг хаах эрсдэлтэй төдийгүй уламжлалт зан үйлд байдаггүй аж.
Иймээс нууранд аяга шидэхгүй байх, зөвхөн дүлцэнгийн элс өргөхөөс өөр зан үйл хийхгүй байхыг сануулж, тахилгын ёслолын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Отгонтэнгэрийн ноён оргил 4021 метр өндөр
Отгонтэнгэр уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгддөг. Тус уулын 3752 метрээс дээш хэсэгт мөнх цас тогтдог байна.
Мөнх цасны хилээс доохон, дархан газрын бүсэд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуурууд оршдог бөгөөд эдгээр нь Отгонтэнгэр хайрхны байгалийн онцгой үнэт хэсэгт тооцогддог.

