Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран үер, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлийн талаар нэгдсэн мэдээлэл хийлээ. Зуны улирал эхэлж, амралт зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан иргэдийг гол усны аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан онцгойлон анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд гол усанд осолдож амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа харамсалтай үзүүлэлттэй байна. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн амралт эхэлсэн энэ үед хүүхэд багачууд хараа хяналтгүйгээр гол руу явах, усанд сэлэх эрсдэл эрс нэмэгддэг ажээ. Сүүлийн таван жилийн хугацаанд гарсан усны ослын нэгдсэн тоо баримтыг дараах байдлаар танилцууллаа:
- Сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 105 иргэн гол усанд осолдож амь насаа алдсан.
- Дээрх харамсалтайгаар хохирсон иргэдийн 83 нь насанд хүрэгчид байжээ.
- Усны ослын улмаас амь эрсэдсэн хүүхдийн тоо 22-т хүрээд байна.
Энэхүү ноцтой нөхцөл байдлын талаар НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар хэлэхдээ эцэг эхчүүдийн хариуцлага, хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг анхаарах шаардлагатайг санууллаа. Тодруулбал, голын урсгал усанд зориулалтын бус хийлдэг хэрэгсэл ашиглах нь осолдох хамгийн гол шалтгааны нэг болж байгааг тэрбээр тэмдэглэв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 105 хүн гол, усанд орж амь насаа алдсан гэх харамсалтай тоо баримт байна. Үүний 83 нь том хүн, 22 нь хүүхэд байна. Иймд зуны улирал эхэлж буйтай холбоотойгоор хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж завьт болон, хөдөлгөөнт эргүүлийг гаргаж байна. ЕБС-ын хичээл амарчихлаа тийм учраас хүүхдүүд завтай болж байгаа учраас усанд сэлэхээр явж живдэг тохиолдлууд маш их байдаг. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулахыг уриалж байна. Мөн хүүхдэд зориулалтын бус усны тоглоом хэрэглүүлж байна. Тодруулбал, хийлдэг цагариг, хийлдэг завь гэх мэт зүйлүүд маш том эрсдэлийг дагуулж байдаг” гэлээ.
