HomeСоёл УрлагМонголын уран зохиолын түүхэн алхам: Г.Аюурзанын "Шүгдэн" роман Японд хэвлэгдлээ

Монголын уран зохиолын түүхэн алхам: Г.Аюурзанын “Шүгдэн” роман Японд хэвлэгдлээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч, зохиолч Г.Аюурзанын “Шүгдэн” роман наран ургах Япон улсын уншигчдын хүртээл боллоо. Энэхүү үйл явдал нь Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын салбарт нэгэн шинэ хуудас нээсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.

Түүний гэргий, зохиолч Л.Өлзийтөгс энэхүү баярт мэдээг албан ёсоор хуваалцахдаа:

“Аюурын “Шүгдэн” алс Токиод ахин мэндэллээ. Япон хэлээр хэвлэж буй анхны монгол роман шүү дээ. Орчуулагч нь Абиру Мих. Тэр бол монгол хэлийг гарамгай сайхан эзэмшсэн утга зохиол судлаач, багш хүн. Монголын уран зохиолыг Японд сурталчлахад асар их хүчин чармайлт гаргаж, сүүлийн жилүүдэд бол бараг ганцаараа шахам шантралгүй зүтгэж буй бүсгүй дээ. “Шүгдэн”-г орчуулах амаргүй ээ. Асар хариуцлагатай, “деталь”-чилсан хараатай, нягт нямбай зантай, ажилдаа дэндүү үнэнч орчуулагчаасаа Аюур бид хоёр ч багагүй зүйл сурлаа. “Өвөрмөц ажлуудтай” хэмээн нэрд гарч яваа зураач Saeki Hiroe-гийн бүтээлээр номын алдартай дизайнер Sano Yuya уг хавтсыг урлажээ. “Азийн утга зохиолын сан” хэмээх гоё цувралын ес дэх боть болж буй монгол романы маань редактораар Araki Shun ажилласан байна. Сонирхуулахад, Бүүкерийн шагналт, Энэтхэгийн зохиолч Arundhati Roy-гийн роман уг цувралын зургаа дахь боть аж. Эндээс харахад л уг цуврал мэргэжлийн өндөр шалгуур дор бүтэж бүрэлдэж буй нь тодорхой. Орчуулагч, редактор, зураач, дизайнер бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, томоос том баяр хүргэе. Мөн, Михогийн маань хань төдийгүй хамтран зүтгэгч, зөвлөгч, дэмжигч, орчуулагч Оцука-даа маш их баярлалаа” хэмээн онцолжээ.

Энэхүү бүтээл нь “Азийн утга зохиолын сан” цувралын ес дэх боть болон хэвлэгдсэн бөгөөд номыг бүтээхэд мэргэжлийн өндөр түвшний баг хамт олон ажилласан байна:

  • Орчуулагч: Абиру Михо (Монгол хэл шинжлэлч, судлаач)
  • Хавтасны зураач: Саэки Хироэ
  • Дизайнер: Сано Юүяа
  • Редактор: Араки Шүнь

“Шүгдэн” роман нь нууцлаг үхэл, ээдрээт гэмт хэргийн шугамаар дамжуулан Хятад улс дахь монголчуудын оюун санааны мухардал болон буддын гүн ухааны нарийн асуудлуудыг хөнддөгөөрөө онцлогтой. Зохиолын үйл явдал үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэг талд нохой сургагч, Өвөр Монгол цагдаа Сэржамц, нөгөө талд талийгаач ламын дотны нөхөр Саманд нарын амьдрал, үзэл бодлын огтлолцол дээр өрнөдөг байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд