Улаанбаатар хотын мега төслүүдтэй холбоотой авлигын хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж дууслаа. Авлигатай тэмцэх газраас (АТГ) Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай болон холбогдох бусад этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Төсвийн сорилт ба яллагдагчаар татагдсан албан тушаалтнууд
Мөрдөн шалгах ажиллагаагаар тэд 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Шинэ тойрог авто зам” төслийн ТЭЗҮ, зураг төсвийн тендерийн даалгаврыг хууль бусаар өөрчилж, давуу байдал олгосон нь тогтоогдсон бөгөөд хэрэгт дараах хүмүүсийг яллагдагчаар татжээ:
- Т.Даваадалай – Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан
- Т.Мөнхдалай – “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн захирал
- А.Ербол – “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Тойрог авто зам” төслийн захирал
- Н.Б – Нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал
5.2 тэрбум төгрөгийн хахууль ба мөнгө угаасан байдал
АТГ-ын дүгнэлтээр Т.Даваадалай нь 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс аравдугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан нийт 5.2 тэрбум төгрөгийн хахууль авч, улмаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзжээ.
Иймд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, мөнгө угаасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
