Эцсийн шинжилгээгээр онош тодорхой болов
Ховд аймгийн Жаргалант суманд долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол өмнө нь хүний тарваган тахлын халдвар болох нь батлагдсан.
Харин нян судлалын эцсийн шинжилгээний дүнгээр уг өвчлөл тарваган тахлын булчирхайн хэлбэр болохыг тогтоожээ.
“Олон нийтийг хамарсан хөл хорио шаардлагагүй”
Энэ талаар Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргал тайлбар өгсөн байна.
“Булчирхайн хэлбэрийн тарваган тахлын үед олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох шаардлагагүй. Тарваган тахал нь булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний болон хавсарсан гэсэн эмнэл зүйн таван хэлбэртэй бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр. Энэ нь ихэвчлэн өвчилсөн тарвагыг арьслах, мах эвдэх үед арьсны шарх, зүсэлтээр дамжин халдварладаг” гэв.
Булчирхайн хэлбэр ямар шинж тэмдэгтэй вэ
Булчирхайн хэлбэрийн тарваган тахлын үед халдвар орсон хэсгийн ойролцоох тунгалгийн булчирхай эхлээд томордог байна.
Цаашлаад цавь, суга, хүзүүний булчирхай хавдах, хүчтэй өвдөх, үрэвсэх, буглах шинж илэрч болзошгүй. Үүний зэрэгцээ гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, үе мөчөөр хүчтэй өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинжүүд ажиглагддаг аж.
Тарваган тахал хүний амь насанд аюултай
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, тарваган тахал нь хүний амь насанд аюул учруулах эрсдэлтэй халдварт өвчин юм.
Иймээс иргэд тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх, түүхий болон дутуу боловсруулсан мах хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай байна. Мөн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүй, яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг анхааруулж байна.
Халдвар дамжих үндсэн замууд
Тарваган тахал шууд хавьтлын замаар халдварлаж болно. Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед, мөн өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асрах, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авах эрсдэлтэй.
Мөн дам халдварын зам бий. Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар хүн халдварлаж болзошгүй.
Уушгины хэлбэрийн тарваган тахлаар өвчилсөн хүнээс бусдад агаар дуслын замаар халдвар дамжих боломжтой. Үүнээс гадна өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэвэл хоол хүнсний замаар халдвар авах эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Иргэд сэрэмжтэй байх шаардлагатай
Ховдод бүртгэгдсэн тохиолдол булчирхайн хэлбэртэй болох нь тогтоогдсон ч тарваган тахал нь эрсдэл өндөртэй халдвар хэвээр байна.
Иймээс иргэд тарвагатай холбоотой аливаа эрсдэлтэй үйлдлээс зайлсхийж, зоонозын болон эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал юм.
