Төв банкнаас үндэсний түүх, соёлын өвийг мөнхжүүлэх ээлжит нэгэн томоохон төслийг олон нийтэд танилцууллаа. Өнөөдөр буюу 2026.05.28-ны өдөр “Чингис хаан” дурсгалын шинэ зоосны нээлтийн ёслолын ажиллагааг албан ёсоор зохион байгуулав. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Л.Болд болон Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд, Монголын зоос судлалын холбооны төлөөллүүд ирж оролцсон байна.
Зургаан хувилбараар урласан дэвшилтэт технологийн зооснууд
Энэхүү шинэ дурсгалын зоосыг Төрийн шагналт уран барималч Лувсангийн Болдын бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлын эх загварт тулгуурлан бүтээжээ. Дашрамд сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар бүтсэн уг түүхэн баримлыг Монголбанк 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд залан байршуулж байсан юм. Шинэ зоосны хувьд орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологийг ашиглан нийт зургаан өөр сонголттойгоор худалдаанд гарч байгаа бөгөөд дараах техникийн үзүүлэлттэй байна.
- Алтан хувилбар: 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын жинтэй
- Мөнгөн хувилбар: 1 унц, 5 унц, 1 кг-ын жинтэй
- Онцлох технологи: Мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг гильюше (guilloché) технологийг ашиглан нарийн хээ, гялалзсан эффект үүсгэсэн
“Монголын их амар амгалан”-г бэлгэдсэн цуглуулгын үнэт өв
Нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ, “Дэлхийн хүн” хэмээгддэг Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс нь “Монголын их амар амгалан”-г цогцлоож, өрнө, дорныг холбосон худалдаа, соёлын харилцаа, төлбөр тооцоо, шинжлэх ухаан, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг” онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн уг бүтээл нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам бүр өсөх түүх дурсгалын болон цуглуулга, бэлэг дурсгалын нандин өв болно гэдгийг дурдлаа.
Төв банкнаас жил бүр түүхт ой, онцлох үйл явдлуудад зориулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор дурсгалын зооснуудыг үйлдвэрлүүлдэг уламжлалтай билээ. Эдгээр зооснууд нь дахин давтагдашгүй загвартай бөгөөд маш цөөн тоогоор хэвлэгддэг учраас урт хугацааны хөрөнгө оруулалтын болон цуглуулгын өндөр үнэ цэнтэй өвд тооцогддог байна.
