“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээ зургаадугаар сарын 1-ний 10:00-17:00 цагт Хүй долоон худагт болох бөгөөд хүүхдүүдэд монгол ёс заншил, уламжлалт ахуй соёлыг таниулах зорилготой юм.
Баярын үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана. Мөн морь унах, эдлэх ёс, монгол ахуй соёлыг хүүхэд багачуудад танилцуулах хөтөлбөрүүд багтжээ.
Монгол ахуй, спортын хөтөлбөрүүд багтжээ
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, Хан-Уул дүүргийн Скаутын холбоо ажиллаж байна. Харин хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Хуйрнан шуугигч” нэвтрүүлэг оролцож байгаа юм.
Арга хэмжээний үеэр гэр бүлүүд цэвэр агаарт өөрийн майхан, асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэх боломжтой. Мөн хүүхэд, эцэг эхчүүд нэг өдрийг тэмцээн уралдаанд оролцож, найз нөхөд, гэр бүлийн хамт өнгөрүүлэхээр төлөвлөжээ.
Хүй долоон худагт болох баярын арга хэмжээнд ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцох боломжтой байна. Сугалааны азтанууд хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн шагналын эзэн болох аж.
