Хэлтгий Цагаан нуурт 21 жилийн дараа дахин ус урсаж эхэлсэн байна. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр өөрийн цахим хуудсаар мэдээлж, “2026 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын усны барилга байгууламжийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх өдөр боллоо” хэмээн онцолжээ.
Хархорины усалгааны системийн шуудууг сэргээв
Усны инженерүүдийн боловсруулсан шийдэл, зураг төслийн дагуу 1956 онд баригдсан Хархорины усалгааны системийн үлдэгдэл шуудууг сэргээн засварлаж, цэвэрлэсэн байна. Ингэснээр Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлж, Хэлтгий Цагаан нуурыг сэргээх ажлын эхний бодит үр дүн гарчээ.
Олон жил усгүй байсан нуурын хотгор руу ус орж эхэлсэн тул эхний өдрүүдэд хөрс тодорхой хэмжээгээр усыг шингээх аж. Гэсэн ч цаашид нуурын экосистем аажмаар сэргэнэ гэдэгт итгэж байгаагаа З.Батбаяр илэрхийлсэн байна.
Орхон гол, Өгий нуурыг хамгаалах ажил үргэлжилнэ
Цаашид Орхон гол, Өгий нуурыг хамгаалах чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Хэлтгий Цагаан нуураас Орхон гол руу цутгадаг байгалийн урсацын замыг сэргээх, нуурын орчны тохижилтыг хийх зэрэг ажлыг үргэлжлүүлэхээр байгаа юм.
Хэлтгий Цагаан нуурт ус дахин оруулсан нь зөвхөн нэг нуурыг сэргээх ажил бус, тухайн бүсийн усны горим, экосистемийг хамгаалах урт хугацааны ажлын эхлэл гэж үзэж байна.
