HomeЭдийн засагХаврын тариалалтын өмнө 46 мянган тонн улаанбуудайны үрийн нөөц бүрдүүлжээ

Хаврын тариалалтын өмнө 46 мянган тонн улаанбуудайны үрийн нөөц бүрдүүлжээ

2026 оны хаврын тариалалтад улсын хэмжээнд 50 мянган тонн улаанбуудайны үр шаардлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар үүнээс 46 мянган тоннын нөөцийг бүрдүүлээд байна.

Албан мэдээллээр тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд 28 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпорац” компани 11.2 мянган тонн буюу нийт 39.2 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Үлдэж буй хэрэгцээг хангахын тулд дутагдалтай байсан 12 мянган тонн үрийн улаанбуудайг импортоор авах шийдвэр гаргаж, 22 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 7 мянган тонн үрийн буудай орж ирснээр нийт нөөц 46 мянган тоннд хүрчээ.

Үрийн буудайг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож байна

Бүрдүүлсэн үрийн нөөцийг тариалан эрхлэгчдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийн нөхцөлөөр олгож байгаа аж. Ингэснээр хаврын тариалалтын бэлтгэлийг алдагдуулахгүй, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах зорилготой байна.

Энэ онд 372.7 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөжээ

2026 онд улсын хэмжээнд 372.7 мянган га талбайд үр тариа, 16 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөсөн байна.

Энэ төлөвлөгөөний дагуу 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт тавьжээ.

Тариалалтыг дэмжихээр хөнгөлөлттэй үнээр дизель түлш нийлүүлэв

Хаврын тариалалтыг хэвийн явуулахын тулд шатахууны хангамжид мөн анхаарч ажилласан байна. Тодруулбал, дизель түлшийг литр тутмыг нь 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн нийт 6.984 сая литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. Ийнхүү үрийн нөөц болон шатахууны хангамжийг давхар бүрдүүлснээр энэ жилийн хаврын тариалалтыг тогтвортой эхлүүлэх суурь нөхцөл бүрдэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд