Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн таван хөвгүүн гудамжинд бие нь муудаж, ухаан алдсан ангийнхаа охинд цаг алдалгүй тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бахархам үйл явдал болжээ. Энэхүү сэтгэл хөдөлгөм мэдээллийг тухайн охины эмээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. Тэрбээр бичихдээ “Зээ охин минь ухаан алдсан гэх дуудлага аваад яаран очиход түргэн тусламжийн эмч нар ирчихсэн байсан. СБД-ийн 31 дүгээр сургуулийн хүүхдүүд охиныг минь ээлжлэн үүрч, зарим нь тэвэрч гүйсээр өрхийн эмнэлэгт хүргэж, түргэн дуудаж өгснөөр аюулгүй болгожээ. Сайхан сэтгэлт хүүхдүүддээ маш их баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлжээ.
Найзынхаа аминд орсон баатарлаг сурагчдын нэрсийг дурдвал:
- А.Баясгалан
- Г.Тогтох
- Т.Ариундалай
- Н.Чингүүн
- Б.Амарболд
Дээрх явдал энэ сарын 4-ний даваа гарагт болсон байна. Тухайн үед сурагчид хичээлээ тараад хамтдаа хоол идэхээр явж байтал ангийнх нь охины зүрх гэнэт өвджээ. Ингээд хөвгүүд огт тээнэгэлзэлгүйгээр ойролцоох өрхийн эмнэлэг рүү найзыгаа үүрэн гүйсэн байна.
Энэхүү үйл явдлын талаар 31 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Тогтохоос тодруулахад:
“Бид зургаа Циркийн орчимд хоол идэхээр явж байтал манай эмэгтэй найзын зүрх нь гэнэт өвдөж эхэлсэн. Манай тэр найз зүрхний багтраа буюу астма хууч өвчтэй юм. Эхэндээ Н.Чингүүн бид хоёр түшээд алхаж байтал бие нь улам муудаж, алхаж чадахгүй болсон. Тиймээс бид ойролцоох өрхийн эмнэлэг рүү 500 метр гаруй зайд ээлжлэн үүрч явсан. Өрхийн эмч үзээд анхан шатны тусламж үзүүлж, улмаар түргэн тусламж дуудсан” гэсэн юм.
Сурагч Г.Тогтох үргэлжлүүлэн найзынхаа биеийн байдлын талаар “Манай найзын бие одоо хэвийн болж, хичээлдээ явж байгаа. Эмээ нь болон гэр бүлийнхэн нь бидэнд талархсанаа илэрхийлсэн. Бид нар өөрсдийгөө мундаг гавьяа байгуулсан гэж бодохгүй байна. Зүгээр л найздаа туслах ёстой зүйлээ л хийсэн” хэмээн даруухан хариуллаа.
Аюул тохиолдсон үед сандарч тэвдэлгүй, найзынхаа төлөө нэгдэж чадсан эдгээр сурагчдын үйлдэл үе тэнгийнхэндээ болон нийгэмд эерэг үлгэр дуурайл болж байна.
