АНУ-ын Хавай мужийн Оаху аралд энэ сарын 1-нээс 6-ны өдрүүдэд “Pacific Land Forces Team Readiness Challenge” хэмээх цэргийн ахлагч нарын ур чадварыг сорьсон олон улсын томоохон тэмцээн болж өндөрлөв. Энэхүү тэмцээн нь Номхон далайн бүс нутагт анх удаа дэлхийн есөн орны шилдэг ахлагч нарыг нэг дор цуглуулж, тэдний тэсвэр хатуужлыг шалгаснаараа онцлог байлаа.
Тэмцээнд Монгол, АНУ, Их Британи, Канад, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур зэрэг орны зэвсэгт хүчний төлөөллүүд оролцож, зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн бие бялдар болон сэтгэл зүйн туйлын хүнд сорилтуудыг туулжээ. Тавдугаар сарын 6-ны өдөр тэмцээний аваргуудыг албан ёсоор зарлахад Монгол Улсын баг дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, дэд байрт шалгарсан баярт мэдээг АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлал албан ёсны хуудаснаа онцлон тэмдэглэсэн байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр шилдгүүдийг жагсаавал:
- Тэргүүн байр: Их Британийн Зэвсэгт хүчний баг
- Дэд байр: Монгол Улсын Зэвсэгт хүчний баг
- Гутгаар байр: АНУ-ын Зэвсэгт хүчний баг
Манай багийнхан зөвхөн багийн дүнгээрээ гялалзаад зогсохгүй хувийн ур чадвараараа ч гайхагдлаа. Тухайлбал, багийн ахлагчаар ажилласан рэйнжер, сургагч ахлагч А.Мөнгөншагай мэргэжлийн өндөр бэлтгэлжилт гаргаж, тэмцээний “Шилдэг тасгийн захирагч”-аар тодорсон байна. Түүний удирдлага дор Зэвсэгт хүчний ангиудын төлөөлөл болох ахлах ахлагч В.Балдорж, Л.Баатар, Г.Багабанди, Ц.Зоригт болон ахлагч М.Гандаваа нарын зургаан ахлагч нэгэн цул болж чадсанаар ийнхүү АНУ-ын дэлхийд нэртэй сургуулилтын талбарт эх орныхоо нэрийг цуурайтуулав.
Шагнал гардуулах ёслолын үеэр зохион байгуулагчид монгол цэргүүдийн төрөлхийн дайчин чанар, эрс шийдэмгий байдлыг бишрэн дурдаж байлаа. Ялангуяа манай багийн хамтын ажиллагаа, бие биенээ дэмжих чадвар нь бусад орнуудын багуудаас илт давуу буюу “супер” байсныг тэмцээний шүүгчид цохон тэмдэглэсэн юм.
