Ням, 12 сар 7, 2025
HomeШоу бизнесХваса: Хагацал одоо надад “сайн зүйл” болж харагддаг

Хваса: Хагацал одоо надад “сайн зүйл” болж харагддаг

БНСУ-ын алдарт дуучин Хваса энэ аравдугаар сард шинэ цомог биш ч, ганц дуугаараа хөгжмийн салбарыг доргитол нь хөдөлгөсөн. Түүний “Good Goodbye” нэртэй сингл нь гармагцаа Өмнөд Солонгосын гол гол стриминг платформын өдөр, долоо хоног, real-time буюу “одоогийн” бүх чартад нэг зэрэг тэргүүлж, олон улсын нэршлээр “Perfect All-Kill (PAK)” амжилтыг тогтоосон юм.

Ингэснээр тэрээр 2025 онд PAK амжилт үзүүлсэн анхны эмэгтэй соло уран бүтээлч болсон. Энэ онд Хвасагаас өөр IVE хамтлагийн “Rebel Heart”, G-Dragon-ийн “TOO BAD”, HUNTR/X хамтлагийн “Golden” зэрэг дуунууд л ижил амжилтад хүрээд байна.

“Good Goodbye” дуу цацагдсаны дараа тэр Их Британийн Clash Music сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгсөн бөгөөд түүнээс онцлох хэсгийг өгүүлбэрийн найруулгыг өөрчилж, гол утгыг нь алдагдуулахгүйгээр хүргэе.

“Good Goodbye” – Хүчтэй имиджээс уянгалаг сэтгэл рүү

– Та дөнгөж сая “Good Goodbye” дуугаа гаргалаа. Таныхаар энэ дуу өмнөх уран бүтээлүүдээс чинь ямар ялгаатай, шинэ сорилт байсан уу?

– Өмнөх дуунаас минь нэлээд өөр уур амьсгалтай бүтээл болсон. Би ихэвчлэн хүчтэй, цоглог, “тэсрэлттэй” имиджтэй дуунуудаар олонд танигдсан болохоор ийм зөөлөн, уянгалаг, дотоод сэтгэлийн тухай дуу хийх нь надад маш шинэхэн сорилт байлаа. Сандрал байсан ч энэ бүх процесс маш догдлом, урам өгсөн мэдрэмж төрүүлсэн.

Хваса

– “Good Goodbye” дуу хагацлыг уурлаж бухимдах биш, харин тайван, уучлалтайгаар хүлээн зөвшөөрч буй мэдрэмжийг өгдөг. Яагаад ийм өнцгөөс бичихийг хүссэн бэ?

– Хагацал гэдэг өөрөө хайртай тун ойр мэдрэмж гэж би боддог. Хэн нэгнийг алдаж байгаа ч, тэр үедээ бүх биеэрээ мэдэрдэг хүчтэй сэтгэл хөдлөл шүү дээ. Энэ дуу бол хайртай хүнийгээ хүчлэлгүй тавьж явуулах ухаан, түүнийхээ ирээдүйд сайн сайхныг хүсэж чаддаг зоригийн тухай. Зарим сонсогч энэ мэдрэмжийг шууд ойлгоно, зарим нь одоогоор ойлгохгүй байх магадлалтай. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд хэн нэгэн энэ дуутай хамт тэр мэдрэмжийг амсаж үзээсэй гэж хүсэж байна.

Хувийн амьдралаас ургасан “сайн хагацал”

– Хагацлыг ингэж эерэг талаас нь харж сурсан нь таны амьдралын туршлагатай холбоотой байх, тийм үү?

– Мэдээж тийм. “Сайн хагацал” гэдэг сэдэв дуу хөгжим дээр төдийлөн их яригддаггүй. Энэ нь хайр дурлал ч бай, найз нөхдийн салалт ч бай хамаагүй. Ийм зүйлийг би амьдрал дээрээ биеэрээ туулсан, тэр туршлага минь хүний хувьд өсөж томрох, дотоод мөн чанараа бэхжүүлэхэд маш их нөлөө үзүүлсэн. Хагацал бол ер нь үргэлж хүнд байдаг, гэхдээ одоо би түүнийг “дан муу зүйл” гэж харахаа больж, илүү гэрэлтэй өнцгөөс хүлээж авдаг болсон.

Duomo ба “Bridgerton”-оос төрсөн санаа

– Энэ дууны өгүүлэмжтэй зохицсон утастай хөгжим ашигласан нь их өвөрмөц. Яагаад заавал Duomo-той хамтрахыг хүссэн бэ?

– Би анх “Bridgerton” цувралын саундтракаар дамжуулж Duomo-г мэддэг болсон. Амарч байхдаа би ихэвчлэн поп дуу биш, илүү ая, хөгжмийн зохиол сонсох дуртай. “Good Goodbye”-г хийж байх үедээ “Хэрвээ Duomo энэ дууны аяыг зохиовол үнэхээр гайхалтай болно доо” гэж бодсон. Тэгээд компанийхаа хүмүүстээ хэлж холбуултал, азаар тэд санал нээлттэй байлаа. Анх аяны ноот, демог сонсоод л би уйлсан. Duomo ч гэсэн энэ төслийг маш их үнэлж, “дахин хамтармаар байна” гэж ярьсан. “Bridgerton”-ы аяыг байнга сонсдог хүний хувьд түүнтэй хамтарч ажиллана гэдэг үнэхээр онцгой, мөрөөдөл шиг мөч байсан.

Клип – Өрөөсөн сэтгэлийг үзэсгэлэн болгож харуулах оролдлого

– Дууны клип их зүүд шиг, өнгөрсөн өдрүүдээ эргэн сөхөж буй өдрийн тэмдэглэл эсвэл захидал уншиж байгаа мэт санагдсан. Танд өөрт чинь онцгой гэж бодсон дүр зураг, мөчүүд байсан уу?

– Хагацах мөчид хамгийн их өвтгөсөн дурсамж ч цаг хугацааны урсгал дунд аажмаар зөөлрөөд, сайхнаараа үлдэх үе ирдэг. Би энэ клипээрээ яг тэр мэдрэмжийг гаргахыг хүссэн. Ямар ч гомдол, хорсолгүй, зөвхөн тухайн харилцаанд байсан сайхан мөчүүдийг л үлдээхийг хичээсэн. Хүмүүс үзэж байхдаа албаар гуниглуулах биш, харин инээмсэглэж, далдхан хайр, дулаан мэдрэмж авч байгаасай гэж бодсон.

“Эмзэг байдал бол сул тал биш”

– Энэ дуугаар дамжуулж эмзэг байдлаа илүү нээлттэй үзүүлж байгаа нь ажиглагдсан. Тэр тал руугаа орох нь танд хэр чухал байсан бэ?

– Миний өмнөх ихэнх уран бүтээлүүдэд цоглог, дур булаам, хүчтэй дүр төрх давамгайлдаг. Харин энэ удаад би өөрийгөө “сул дорой, өрөвдмөөр” талаас нь харуулах гээгүй, харин илүү нандин, эмзэг, дотоод мэдрэмжтэй талыг үзүүлэхийг хүссэн. Эмзэг байдлаа харуулна гэдэг зориг шаарддаг, гэхдээ тэр чинь өөрөө нэг төрлийн хүч. Энэ дуунд би зүгээр нэг “Хваса” биш, харин тайзнаас гаднах жинхэнэ би болох Ан Хэжин-ийг харуулахыг хичээсэн. Сул дорой мэт санагдах мөчүүдийн цаана ч дотоод хүч чадал үргэлж байдгийг хэлмээр байсан.

“Good Goodbye” – анхны хагацлаа мэдэрч буй хүнд

– Таны фенүүд хэцүү үед чинь дууг чинь сонсож тайтгардаг гэж олонтаа бичдэг. Магадгүй “Good Goodbye” нь анхны хагацлаа амсаж байгаа нэгэнд хамтрагч нь байж мэднэ. Тэдэнд ямар үг дамжуулмаар байна вэ?

– Хагацалтай тулгарах үед сөрөг мэдрэмжүүд урсан гардаг нь хэвийн. Гэхдээ тэглээ гээд тэр мэдрэмжээсээ зугтах хэрэггүй. Хэрвээ та нэг хүнтэй үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байсан бол, хэцүү байсан ч түүнийг дэмжиж чадна гэсэн үг. Энэ дуу бол “гунигтай байж болно, уйлж болно, гэхдээ хайрлаж байсан хүнээ зүрх сэтгэлээсээ дэмжээрэй” гэсэн мессежийг фенүүддээ хүргэж байна.

Сонсогчид анх сонсоод юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?

– “Good Goodbye”-г анх сонсож буй хүмүүст ямар мэдрэмж төрөөсэй гэж та боддог вэ?

– Хамгийн түрүүнд “сэтгэлээ хорихгүй байгаасай” гэж хүсдэг. Энэ дуу хүмүүсийг уйлуулж ч магадгүй, эсвэл эсрэгээрээ инээд, тав тух, хөнгөн мэдрэмж төрүүлж ч мэднэ. Гунигтай аялгуутай ч гэсэн зэрэгцээд бүжиглэмээр санагдах мөчүүд бий. Амьдрал ч өөрөө яг тийм хольц шүү дээ. Хүмүүс энэ дууг сонсоод гуниг, баяр, талархал гээд бүх сэтгэл хөдлөлөө зөвшөөрч, тэр дундаа өөртөө тав тухтай байгаасай гэж хүсэж байна.

“Хэт их бодвол алхах ч боломжгүй болчихдог”

– Хөгжмөөс гадуур, бүх зүйлд төгсгөл, шинэ эхлэл гэж бий. Та ийм өөрчлөлтүүдийг сэтгэл санааны хувьд яаж давж гардаг вэ?

– Үнэндээ би хэт төлөвлөж, хэт бодож суудаг хүн биш. Хэт их тооцоод, бүгдийг хянах гэж оролдоод байвал нэг л мэдэхэд юу ч хийлгүй зогсож үлддэг. Тиймээс “урьдчилан хэт яагаад, яах бол гэж бодохоос илүүтэй, тухайн үедээ зөнгөөрөө шийдээд, урсгалаар нь дагах” нь надад хамгийн зөв зам шиг санагддаг.

Латин хөгжим – ирээдүйн мөрөөдөл

– Цаашдаа хийж үзээгүй ч туршиж үзмээр байгаа хөгжмийн урсгал бий юү?

– Латин хөгжмийг би үнэндээ бүрэн дүүрэн хийж үзэж амжаагүй. Хүмүүс миний өнгө аясыг хараад “лав нэг латин трэк гаргасан байх” гэж бодож магадгүй, гэхдээ одоогоор байхгүй. Хэрвээ нэг өдөр бүрэн төвлөрөөд латин стиль дээр ажиллах боломж гарвал үнэхээр сэтгэл хөдөлгөм байх болно. Миний дотоод ритм, эрч хүчтэй их сайн зохицно гэж боддог.

Фенүүдтэйгээ үгээр бус, сэтгэлээрээ холбогдох нь

– Фенүүд тань танд маш их урам зориг өгдөг гэж та ярьсан. Ялангуяа гадаадын шүтэн бишрэгчидтэйгээ хэрхэн холбогддог вэ?

– Би англи хэлээр төгс ярьдаггүй. Гэхдээ дуу хөгжим дээр хэлний хязгаар гэж байдаггүй. Тайзан дээр би фенүүдтэйгээ харцаар, инээмсэглэлээр, биеийн хөдөлгөөнөөр их ярилцдаг. Заримдаа үг хэлэхээс илүү зүрх сэтгэл шууд холбогдож байгааг мэдэрдэг. Миний хувьд тэр л хамгийн чухал.

“Тачаангуй байдал надад бол магтаал”

– Таны тайзны үзүүлбэрүүд ихэнхдээ тачаангуй, хөгжилтэй, бас илэн далангүй байдал гурвын тэнцвэр дээр тогтдог. Энэ тэнцвэрийг зориуд барьдаг уу, эсвэл байгалиасаа ийм үү?

– Тэр бүхэн надаас зөн совингоороо гардаг. “Секси” байдал надад бол багасгаж, нуух ёстой зүйл биш, харин ил тод хайрладаг шинж чанар. Хэн нэгнийг “тачаангуй, дур булаам” гэж хэлэх нь маш том шүүмж биш, харин маш том магтаал гэж би боддог. Гэхдээ миний ойлголцООР энэ нь бүдүүлэг эсвэл хэт задгай байх тухай биш, харин өөрийнхөөрөө, байгаагаараа итгэлтэй, гоё байхын тухай.

Амжилтын тухай өөр өнцөг

– Одоогийн карьерынхаа энэ шатанд “амжилт” гэдэг үгийг та яаж тайлбарлаж байна вэ?

– Нас нэмэгдэх тусам амжилтын хэмжүүр өөрчлөгддөг юм байна гэж ойлгосон. Одоо миний хувьд амжилт гэдэг бол маш энгийн зүйлсээс таашаал авч, талархаж чаддаг байхыг хэлнэ. Фенүүдийнхээ хайр, тайзан дээрх туршлага, хамт ажиллаж буй хүмүүсийнхээ хүчин чармайлтад талархаж сурна гэдэг өөрөө асар том амжилт. Өсөх, хөгжих, бас талархах – энэ хоёрын огтлолцол дээр л миний жинхэнэ “амжилт” оршиж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд