Ипотекийн зээл хүсэгчдийн тоо эрс нэмэгдэж, хүлээлгийн хугацаа өмнөхөөс илүү удааширч, 48 сар болсон талаар холбогдох албаныхан мэдээлж байна.
Жил бүр ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр улсын төсөвт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ санхүүжилт дээр нэмээд Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулах бодлого баримталж байгаа аж.
Үүнээс гадна Монголбанк 500 тэрбум, арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр нийт эх үүсвэр 1.2 их наяд төгрөгт хүрэх тооцоотой байна.
Гэвч энэхүү нэмэлт санхүүжилтийн үр дүнд иргэдийн зээлийн хүсэлт огцом өсч, өмнө нь 24-36 сар байсан хүлээлгийн хугацаа 48 сар болж нэмэгдсэн байна. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
“Жилд ипотекийн зээлийн бүтээгдэхүүн 400-500 тэрбум төгрөг л байсан. Үүн дээр 500 тэрбумыг нэмэхээр нэг их наяд болно. Улмаар зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн оочир ихэссэн. Өмнө нь хүлээлгийн хугацаа 24 сар, 36 сар байсан бол одоо 48 сар болсон юм билээ. Тиймээс бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг ипотекийн зээлд зарцуулах байгаа 1-1.2 их наяд төгрөгөө бид зорилтот хүмүүст хүргэхээр судалж байгаа. Бусдыг нь бол зах зээлийн зарчимд нийцсэн хүүгээр арилжааны банкуудтай ярилцаж, дундын хувилбарыг гаргаж ирж ер нь л иргэдийн орлогод нийцсэн орон сууцны бүтээгдэхүүнийг гаргаж ирэхээр судалж байна” хэмээн онцоллоо.
Төрөөс ипотекийн зээлийг үр ашигтай, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой судалгаа хийж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн арилжааны банкуудтай хамтран зах зээлийн хүү дээр тулгуурласан шинэ санхүүгийн загварыг боловсруулах алхамууд хийгдэж байгаа аж.