Disney компанийн мэдлийн ABC телевизээр цацагддаг Жимми Киммелийн шоу түр хугацаанд зогссон. Үүнд Киммелийн Юта мужийн их сургуулийн кампус дээр болсон мэтгэлцээний үеэр алагдсан консерватив идэвхтэн Чарли Киркийн үхлийн талаар хэлсэн үг шалтгаан болсон юм.
Киммел өнгөрсөн даваа гарагийн нэвтрүүлгийн үеэр “MAGA бүлэглэл энэ залууг өөрсдийн нэг биш мэтээр үзүүлэхийг оролдож, үүнийг улс төрийн оноо цуглуулах хэрэгсэл болгохыг хүсэж байна” гэж мэдэгдсэн. Тэрээр Дональд Трампын төрийн байгууллагууд дээрх тугийг хагас байрлалд буулгах шийдвэрийг шүүмжилж, Трампыг шоолжээ.
“Насанд хүрсэн хүн найзынхаа үхэлд ингэж гашуудаж болохгүй. Энэ бол дөрвөн настай хүүхэд аквариумын алт загасаа алдсаны дараа гаргадаг хариу үйлдэлтэй адилхан” гэж Киммел хэлсэн юм.
Шүүмжлэл ба хамгаалалт
АНУ-ын Холбооны Харилцааны комиссын дарга түүний мэдэгдлийг “бузар” хэмээн тодорхойлсон бол консерватив шүүмжлэгчид баримтыг гуйвуулсан гэж буруутгасан. Шоуг нь зогсоосны дараа олон тооны Америкийн оройн ток шоуны хөтлөгчид Киммелийг өмөөрч, энэ шийдвэрийг цензур болон үг хэлэх эрх чөлөөнд халдсан хэрэг гэж нэрлэсэн. Нью-Йорк, Калифорни мужуудад Disney болон Киммелийн шоу бичигддэг театрын гадна эсэргүүцлийн жагсаал болсон.
Өнгөрсөн долоо хоногт Селена Гомес, Оливия Родриго, Женнифер Энистон зэрэг 400 гаруй жүжигчин, хөгжмийн уран бүтээлчид Киммелийг дэмжсэн нээлттэй захидалд гарын үсэг зуржээ.
Disney-ийн шийдвэр
BBC-ийн сурвалжлагч Номия Икбалын тэмдэглэснээр, шоуг зогсоосон нь АНУ-д хүчтэй эсэргүүцэл, төрийн оролцоо болон үг хэлэх эрх чөлөөний тухай өргөн хэлэлцүүлгийг бий болгосон. Үүний дараа Disney байр сууриа өөрчилжээ.
“Өнгөрсөн лхагва гаригт бид улсын хувьд сэтгэл хөдлөм энэ үед нөхцөл байдлыг улам хүндрүүлэхээс зайлсхийхийн тулд шоуг түр зогсоох шийдвэр гаргасан. Зарим тайлбаруудыг цаг үеийн бус, таагүй гэж үзсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд бид Жиммитэй нухацтай ярилцсаны эцэст шоуг ирэх мягмар гарагт дахин эхлүүлэхээр шийдлээ” хэмээн Disney-ийн мэдэгдэлд дурдсан байна.