НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медалиар шагналаа.
Тус батальон Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад хэрэгжиж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Юнит муж дахь Хойд секторт ажилласан юм. Цэргийн багийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ илтгэлдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын цэргийн алба хаагчид сахилга бат, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлаа харуулсныг онцолжээ.
Монголын батальон шилдэг үүрэг гүйцэтгэлтэй батальоноор шалгарчээ
Энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Тухайлбал, өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Абьемном сууринд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр олон мянган энгийн иргэний аюулгүй байдлыг хангаж, шархадсан болон дүрвэсэн иргэдэд эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Мөн 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон “UNMISS” ажиллагааны “Шилдэг үүрэг гүйцэтгэлтэй батальон”-оор шалгарч, Хүчний командлагчийн шагнал хүртсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эр зориг, ур чадвараа дайчлан ажилласанд төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд энхийг сахиулагчид чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж, алба хаагчид болон тэдний гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөв.
Төрийн одон, медалиар шагнуулсан алба хаагчид
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл;
- Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн ахлагч, тэргүүн ахлагч Оюунгэрэлийн Энхболд;
- Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн Материал, техникийн хангалтын салааны тээврийн тасгийн жолооч, сургагч ахлагч Агваанпүрэвийн Шатар.

Цэргийн гавьяаны одонгоор:
- Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Суранхүүгийн Бат-Эрдэнэ;
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Байлдааны хангалтын салбарын онгоц, нисдэг тэрэг хадгалах бүлгийн дарга, хошууч Мөнхбаатарын Эрдэнэбаатар;
- Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Мөнхөөгийн Батмөнх;
- Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн тусгай тээврийн ротын жолооч, сургагч ахлагч Рагчаагийн Бэгзсүрэн нарын нийт найман алба хаагч.

Цэргийн хүндэт медалиар:
- Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын сургалтын ахлах офицер, хошууч Лувсанпүрэвийн Галхүү;
- Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн ротын механик жолооч, ахлах ахлагч Дэмбэрэлийн Нэргүй нарын нийт 53 алба хаагч.
Энхийн төлөө медалиар:
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах офицер, ахмад Сундуйсүрэнгийн Батболд;
- Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн 0290 дүгээр салбарын сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Торгуудын Алтангэрэл нарын нийт 188 алба хаагчийг шагнажээ.

