CS2-ийн хамгийн үнэтэй тоглогчдын нэгт тооцогдож буй Данил “donk” Крышковецийн төлөө 10 сая ам.долларын санал ирсэн ч Team Spirit түүнийг худалдах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
Украины Inner Circle баг donk-ийг авахын тулд 10 сая ам.доллар санал болгосон ч Team Spirit хэлэлцээ хийхээс татгалзсан байна. Хэрэв энэ наймаа бүтсэн бол CS2-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй тоглогчийн шилжилт болох байв.
Donk-ийн зах зээлийн үнэлгээг зарим шинжээч 10 сая ам.доллар орчим гэж үзэж байгаа ч Team Spirit-ийн удирдлагуудын хувьд энэ тоо хангалтгүй аж.
Team Spirit-ийн маркетингийн захирал Константин “-tvd-” Мачаидзе:
“Бид гол од тамирчнаа зарахгүй. Donk-ийн үнэ 10 саяас хамаагүй өндөр. Тэр бол Майкл Жордан, Коби Брайантын хэмжээний тоглогч. Зодог тайлтлаа “Spirit” багт үлдэх ёстой”
гэж мэдэгдсэн байна.
5 саяын саналын дараа 10 саяд хүрчээ
Donk-ийн төлөө өндөр үнэтэй санал ирсэн нь анхны тохиолдол биш.
2026 оны эхээр BC.Game Esports түүнийг авахын тулд 5 сая ам.долларын санал тавьсан ч Team Spirit ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Харин энэ удаад Inner Circle-ийн санал хоёр дахин өсөж 10 сая ам.долларт хүрсэн ч Team Spirit-ийн байр суурь өөрчлөгдсөнгүй.
Ингэснээр donk-ийн бодит зах зээлийн үнэ хэд хүрч болох тухай яриа улам эрчимжиж байна.
Мэргэжлийн тоглогчид үнэ дээр санал зөрөв
Киберспортын нэгэн сайт мэргэжлийн тоглогчдоос donk-ийг хэдээр зарах ёстой талаар санал асуулга явуулахад хариултууд ихээхэн ялгаатай гарчээ.
Brollan — 10 сая ам.доллар
BLitz — 5 сая ам.доллар
Mzinho — 5-7 сая ам.доллар
Makazze — 5 сая ам.доллар
IM — хэдээр ч зарахгүй
Wicadia — хэзээ ч зарахгүй
MAJ3R — яасан ч зарахгүй
Dumau — 10 сая ам.доллар
Krabeni — 10-15 сая ам.доллар
Dziugss — зарахгүй
Staehr — 15 сая ам.доллар
TN1R — 2 кг төмс
Donk — 1 кг лууван
Зарим тоглогч donk-ийг 10-15 сая ам.долларын үнэлгээтэй гэж үзсэн бол нөгөө хэсэг нь Team Spirit түүнийг ямар ч үнээр худалдах ёсгүй гэсэн байр суурьтай байжээ.
Харин donk өөрөө өөрийн үнэлгээг “1 кг лууван” хэмээн хошигнож хэлсэн байна.
Team Spirit-ийн хувьд donk зөвхөн өндөр үнэлгээтэй тоглогч бус, багийн урт хугацааны гол цөм гэж үзэж байгаа нь 10 сая ам.долларын саналд татгалзсан шийдвэрээс харагдаж байна.
