Английн домогт хөгжимчин Оззи Осборны бэлэвүүн гэргий Шерон Осборн Лос-Анжелес хот дахь харшаа 17 сая ам.доллароор худалдаалахаар зах зээлд гаргажээ. Энэ талаар “The Wall Street Journal” хэвлэл мэдээллээ.
Тэд уг байшинг 2015 онд 11.85 сая ам.доллароор худалдаж авч байжээ. Хос хоёр 2022 оны долдугаар сард харшаа 18 сая ам.доллароор зарахыг оролдсон бөгөөд дараа нь үнээ 17.5 сая ам.доллар болгон бууруулсан ч эцэст нь зарахаа больж, зарлалаа устгаж байсныг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Жош Гриер WSJ-д ярьсан байна.
1920-иод оны үед баригдсан уг байшин Лос-Анжелес хотын төвтэй ойрхон, “Хэнкок Парк” хэмээх дүүрэгт байрладаг. Үндсэн байшин болон зочны байшинг оролцуулаад нийт талбай нь 10,200 хавтгай дөрвөлжин фут (948 орчим метр квадрат) гэж тус сонин тэмдэглэжээ.
Осборныхон харшаа засахдаа дотоод заслын хуучны хэв маягийг нь хэвээр үлдээсэн байна. Гэрийн кино театрынх нь задгай зуухны дээд хэсэгт тус байшинд зочилж байсан алдартнуудын гарын үсэг байдаг аж. Тэдгээрийн дотор хөгжимчин Элвис Пресли, жүжигчин Натали Вуд нарын гарын үсэг багтжээ. Энэхүү сонирхолтой уламжлалыг байшингийн өмнөх эзэн, Америкийн радио хөтлөгч Френк Бреси эхлүүлсэн бөгөөд Осборныхон үүнийг нь үргэлжлүүлсэн байна.
Осборныхон 2007 он хүртэл Лос-Анжелесийн Беверли-Хиллз дүүрэгт өөр нэгэн харш эзэмшдэг байсныг сонинд дурджээ. “MTV” сувгаар цацагддаг байсан “Осборныхон” (The Osbournes) реалити шоуны зураг авалтыг яг тэр байшинд хийдэг байв.
“Black Sabbath” хамтлагийг үндэслэгч, алдарт хөгжимчин Оззи Осборн 2025 оны долдугаар сард 76 насандаа таалал төгссөн билээ. heavy metal урсгалын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнийг энэ төрөл жанрын “загалмайлсан эцэг” хэмээн нэрлэдэг юм.
