Саяхан Холливудын нэрт жүжигчин, 63 настай Деми Мур “Gucci”-гийн загварын шоу болон “Actor Awards” шагнал гардуулах ёслолд оролцсон бөгөөд түүний гадаад төрх олны дунд ширүүн маргаан дагуулаад байна. Учир нь алдарт жүжигчин өмнөхөөсөө илүүтэйгээр огцом турж, төрх нь мэдэгдэхүйц өөрчлөгджээ.
Деми Мур өөрийн Instagram хуудсандаа арга хэмжээний үеэрх зургуудаасаа идэвхтэй хуваалцаж байгаа ч дагагчид нь түүний эрүүл мэндийн байдалд санаа зовниж буйгаа сэтгэгдэл хэсэгт илэрхийлсээр байна. Шүтэн бишрэгчид нь түүнийг хэт турснаас болоод эрүүл бус харагдаж байгааг онцолж, үүнийг залуу охидын дунд “тренд” (загвар) болгохгүй байхыг уриалжээ.
Сэтгэгдэл хэсэгт хэрэглэгчид:
“Би таны үнэнч шүтэн бишрэгч ч гэлээ энэ байдал үнэхээр санаа зовоож байна.”
“Деми, хэт туранхай байгаадаа бахархахаа болиоч. Энэ таны хувьд ‘амжилт’ эсвэл түр зуурын ‘тренд’ байж болох ч охид үүнийг үлгэр дуурайлал болгож болохгүй. Та олон нийтийн өмнө хариуцлага хүлээх ёстой!”
“Хоолны дуршил буурах эмгэг хэзээ ч үзэсгэлэнтэй харагддаггүй…” хэмээн бичжээ.

Гэхдээ хүн бүр ийм бодолтой байгаагүй юм. Түүнийг дэмждэг олон дагагч нь Деми Мурыг жил ирэх тусам үзэсгэлэнтэй болж байна хэмээн магтаалаар булжээ.
Сануулахад, саяхан Британийн хөгжимчин Оззи Осборны охин Келли Осборн мөн ийм шалтгаанаар шүүмжлүүлсэн билээ. Хүмүүс түүнийг хэт туранхай харагдаж байна хэмээн буруутгасан ч Келли дуугүй өнгөрөөгүй бөгөөд шүүмжлэгчдэд нэлээд ширүүн хариу барьсан юм.
