Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт ирэх Бямба гараг буюу наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр боллоо.
Энэхүү зохицуулалт нь есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжлэх бөгөөд бүсчлэл харгалзахгүйгээр өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд мөрдөгдөх юм.
Дугаарын хязгаарлалт мөрдөх хуваарь:
- Сондгой дугаартай автомашинууд (1, 3, 5, 7, 9):Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд, мөн есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд замын хөдөлгөөнд оролцоно.
- Тэгш дугаартай автомашинууд (0, 2, 4, 6, 8):Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, мөн есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд:
Дээрх зохицуулалтаас дараах тусгай болон үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгслүүд чөлөөлөгдөж, өдөр бүр хөдөлгөөнд оролцох боломжтой:
- Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл
- Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын автомашин
- Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй автомашин
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний автомашин
- Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх автомашин
- Нийтийн тээврийн хэрэгсэл болон стандартын шаардлага хангасан такси
- Сургууль, цэцэрлэг болон байгууллагын ажилчдын нэгдсэн тээвэр
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд дээрх зохицуулалтын дагуу хуваарьт өдрүүдээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
