Монголын хөгжмийн урлагт попера урсгалын өнгө төрхийг тодорхойлж ирсэн “Нюанс” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хамтлаг ойдоо зориулсан баярын тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард толилуулан, сонсогч фенүүдтэйгээ уулзахаар бэлтгэлдээ оржээ.
Анх 2001 онд байгуулагдсан “Нюанс” хамтлаг нь сонгодог ба дуурийн урлагийг орчин үеийн поп хөгжимтэй хослуулан олон нийтэд хүргэх гол зорилготой ажиллаж ирсэн юм. Тэд ойн тоглолтынхоо талаар албан ёсны цахим хуудсаараа дамжуулан: “Энэ жил “Нюанс” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа билээ. Он жилүүдийн уртад хамтдаа олон сайхан зүйлд бие сэтгэлээн зориулж, олон түмэнд уран бүтээлүүдээ хүргэж иржээ. Бид арваннэгдүгээр сард “Нюанс” ойн тоглолтоороо та бүхэнтэйгээ уулзах болно” хэмээн нийтэлжээ.
Олон хэлээр цуурайтах сонгодог урын сан
Тус хамтлаг нь дэлхийн сонгодог бүтээлүүд болон алдартай поп, попера дуунуудыг Франц, Итали, Испани, Орос, Англи, Хятад, Герман зэрэг олон хэл дээр амилуулдгаараа бусад уран бүтээлчдээс онцлогтой. Өнгө, аяс гэсэн утгатай гадаад үгийг өөрсдийн нэрээр овоглосон тэд ийнхүү 25 жилийн баяраа сонсогчдынхоо хамт тэмдэглэх гэж байна.
