HomeСоёл Урлаг"Ламбугайн нулимс" дуурь 40 жилийн ойн баяраа тайзнаа тэмдэглэнэ

“Ламбугайн нулимс” дуурь 40 жилийн ойн баяраа тайзнаа тэмдэглэнэ

Монголын үндэсний сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг болох Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор боллоо.

Анх 1986 оны тавдугаар сарын 10-нд үзэгчдийн хүртээл болж байсан тус дуурийг их зохиолч Д.Нацагдоржийн ижил нэрт туужаас сэдэвлэн бүтээсэн түүхтэй. Уг бүтээл нь XIX зууны Монголын нийгмийн бодит төрх, хүний сэтгэлийн дотоод зөрчил, хайр дурлал, шунал болон гэмшил наманчлалыг хөгжмийн хэлээр гайхалтай илэрхийлдгээрээ онцлог юм.

Хүний дотоод тэмцэл ба эмгэнэлт хайр

Дуурийн гол дүр Лодон гэвш бол хүний дотоод ертөнцийн зөрчил, наманчлалын бэлгэдэл болсон дүр билээ. Энэ удаагийн тоглолтод Лодонгийн дүрийг гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү амилуулах гэж байна. Үйл явдалд бурхны үнэнч зарц Лодон санамсаргүй учирсан Цэрэнлхам бүсгүйд ухаангүй дурлаж, түүнийхээ төлөө өөрт байгаа бүхнээ зориулдаг. Гэвч Цэрэнлхам бүсгүй эхийнхээ ятгалгад автан, баян залууг сонгосноор Лодонгийн хувь заяа эмгэнэлт төгсгөл рүү хөтлөгддөг.

Гурван бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичсэн бол ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллажээ. Мөн тоглолтын баг бүрэлдэхүүнд дараах уран бүтээлчид ажиллаж байна:

  • Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
  • Ерөнхий зураач: УГЗ Б.Төмөрхуяг
  • Удирдаач: СТА Ц.Тэлмүүн-Очир

“Ламбугайн нулимс” дуурь нь хөгжмийн зохиомж, дүрүүдийн сэтгэл зүйн гаргалгаа болон утга агуулгын хувьд Монголын үндэсний шилдэг дууриудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд 40 жилийн турш үзэгчдийн таашаалыг хүртсээр ирсэн юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд