Америкийн “OpenAI” стартап компани өөрсдийн шинэ суурь модел болох GPT-5.5 Instant-ыг танилцууллаа. Энэ тухай тус компанийн албан ёсны цахим хуудсан дахь хэвлэлийн мэдээнд дурджээ.
Instant нь ChatGPT-ийн үнэгүй хувилбарыг ашигладаг хэрэглэгчдэд зориулсан үндсэн модел болох юм. Энэхүү шинэ хувилбар нь өнгөрсөн гуравдугаар сарын эхээр гарсан GPT-5.3 Instant-ыг орлох бөгөөд GPT-5.3 хувилбар нь төлбөртэй хэрэглэгчдэд дахин гурван сарын турш сонголт хэлбэрээр ашиглагдах боломжтой байна.
OpenAI-ийн мэдээлснээр GPT-5.5 Instant нь өмнөхөөсөө “илүү ухаалаг, ойлгомжтой бөгөөд хувь хүнд илүү тохирсон” болжээ. Дотоод туршилтын явцад уг модел нь анагаах ухаан, хууль эрх зүй болон санхүүгийн салбарт GPT-5.3-тай харьцуулахад 52.5%-иар бага худал дүгнэлт гаргасан байна. Мөн нарийвчлалгүй мэдээлэл өгөх тохиолдол 37.3%-иар буурчээ.
Үүнээс гадна, математикийн AIME 2025 тестээр уг модел 81.2 оноо авсан байна. Харьцуулбал, өмнөх моделийн үзүүлэлт 65.4 оноо байсан юм. Олон төрлийн сэтгэхүйн чадвар шалгадаг MMMU-Pro тестээр GPT-5.5 Instant нь 76 оноо авч, өмнөх загварынхаа 69.2 оноог давж гарчээ.
OpenAI-ийн зүгээс энэхүү шинэчлэлээр ChatGPT-ийн бүх моделуудад “ой санамжийн эх сурвалж”-ийг харуулдаг болсныг онцолсон байна. Энэ нь хэрэглэгчид тухайн хариулт яг хаанаас, ямар үндэслэлээр үүссэнийг ойлгоход туслах юм.
