Эль-Ниньо (El Niño — Номхон далайн экватор орчмын гадаргын ус дулаарах үзэгдэл) байгалийн үзэгдлийн улмаас Калифорни мужийн эрэг орчмоор акулууд олноор нүүдэллэн ирж болзошгүйг “Fox Weather” суваг анхаарууллаа.
Уг үзэгдэл нь Номхон далайн экватор орчмын гадаргын усны температурыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна. “Эль-Ниньо Өмнөд Калифорнийн эрэг орчмыг дулаацуулж байгаа тул энэ бүс нутаг руу акулууд олноор нүүдэллэх төлөвтэй байна” гэж мэдээлэлд дурджээ.
Биологич Крис Лоугийн тайлбарласнаар, алхан толгойт акул (hammerhead shark) болон цагаан акул зэрэг зарим төрөл зүйл сэрүүн усанд үржих дуртай байдаг тул ус халах үед хойд зүгийг зорих аж. Харин барын акул (tiger shark) зэрэг халуун усны төрөл зүйлүүд Өмнөд Калифорнийн эрэг рүү нүүдэллэн ирэх төлөвтэй байна.
“Фобос” цаг уурын төвийн тэргүүлэх мэргэжилтэн Михаил Леус ирэх Эль-Ниньо үзэгдлийг сүүлийн арван жилийн хамгийн хүчтэй нь байж магадгүйг өнгөрсөн гуравдугаар сард анхааруулж байсан юм. Ирэх саруудад энэхүү байгалийн үзэгдэл улам эрчимжих олон шинж тэмдэг ажиглагдаж байгааг тэрээр тэмдэглэжээ. Энэ нь дэлхийн цаг агаарт нөлөөлж, дэлхийг улам бүр халаахаас гадна Атлантын далайн хар салхины улирлын идэвхжилд ч нөлөөлж болзошгүй байна.
АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргааны (NOAA) таамаглалаар энэ болон ирэх жилүүд манай гарагийн түүхэн дэх хамгийн халуун жилүүд болох магадлал маш өндөр байна.
