Хонконгын засгийн газраас тоглоомын болон шагналын автомат машинуудыг албан ёсоор тусгай зөвшөөрөлтэй (лицензтэй) болгох санал гаргалаа. Өсвөр насныхны дунд тоглоомын хамаарал “цар тахал” мэт газар авч, энгийн зугаа цэнгэл болон өндөр бооцоотой мөрийтэй тоглоомын зааг ялгаа арилж байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн тухай South China Morning Post мэдээлэв.
Энэхүү санаачилга гарахад 2022 оны шүүхийн шийдвэр гол түлхэц болжээ. Тухайн үед шүүхээс операторуудыг тусгай зөвшөөрөл авах шаардлагаас чөлөөлснөөр хот даяар автомат машинуудын тоо огцом нэмэгдсэн байна. Бизнес эрхлэгчид ухаалаг гар утас, чихэвч зэрэг үнэтэй шагналууд санал болгож, хожсон зүйлийг нь бэлэн мөнгөөр “буцаан худалдаж авах” схем нэвтрүүлснээр нөхцөл байдал хяналтаас гарчээ.
Залуучуудын хэрэг эрхлэх товчооны боловсруулсан шинэ журмаар дараах хязгаарлалтуудыг тогтоож байна:
- Нэг тоглолтын үнэ: 0.64 ам.доллароос (ойролцоогоор 2,200 төгрөг) хэтрэхгүй байх.
- Шагналын үнэ: 38 ам.доллароос (ойролцоогоор 130,000 төгрөг) хэтрэхгүй байх.
- Сэрэмжлүүлэг: Операторууд тоглоомын машин дээр мөрийтэй тоглоомд донтох (лудомани) эрсдэлийн талаарх анхааруулгыг заавал байршуулах үүрэг хүлээнэ.
Донтолттой тэмцэх зөвлөх төвийн тэргүүн Теренс Мок Вай-хо энэхүү шийдвэрийг сайшаан хүлээн авчээ. Тэрээр: “Өсвөр насныхны хувьд iPad эсвэл AirPods хожих боломж нь зогсолтгүй зоос хийх маш том өдөөлт болдог” хэмээн онцлон тэмдэглэв.
