Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дөрөвдүгээр сарын 14-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцсон байна.
Иж бүрэн стратегийн түншлэлийг бүх түвшинд урагшлуулахад санал нэгдэв
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх түвшинд идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд өмнө нь хүрсэн ойлголцлуудыг бодит ажил хэрэг болгон урагшлуулахын төлөө Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай нягт хамтран ажиллах байр сууриа онцолсон байна.
Түүнчлэн Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын 2022 онд дэвшүүлсэн, хоёр улсын худалдааны эргэлтийг таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах шаардлагатайг талууд тэмдэглэжээ.
Төмөр зам, нүүрсний экспорт, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг онцлов
Ерөнхий сайд Н.Учрал хоёр улсыг холбосон хоёр дахь төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь чухал алхам болсныг онцолсон байна. Түүний хэлснээр энэ төслийн хүрээнд нүүрсний худалдаа, төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлийн хамтын ажиллагааг цогцоор нь эрчимжүүлж, бодит үр өгөөжийг иргэдэд хүргэх шаардлагатай байгаа аж.
Мөн уулзалтын үеэр Өмнийн говийн бүсийн шатахууны хэрэглээг БНХАУ-аас импортлох боломж зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар талууд санал солилцжээ.
Элчин сайд Шэнь Миньжюан өмнөх айлчлалын үр дүнг онцоллоо
Элчин сайд Шэнь Миньжюан түүнийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Хятадын удирдлагуудтай чухал уулзалтууд хийж, тодорхой асуудлуудаар харилцан ойлголцолд хүрснийг онцлон дурдсан байна.
Тэрээр хоёр улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хил орчмын чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх, нүүрсний экспорт, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг илүү эрчимтэй урагшлуулах чиглэлд тухайн айлчлал үр дүнтэй байсныг тэмдэглэжээ.
