Миссуригийн их сургуулийн эрдэмтэд генетикийн өөрчлөлттэй замаг ашиглан усыг микропластикоос (хуванцрын бичил хэсгүүд) цэвэрлэх шинэ аргыг боловсруулж байна. Судлаачид энэхүү технологийг бохир ус цэвэрлэх байгууламжийн системд нэвтрүүлж, ирээдүйд цуглуулсан хуванцрыг био-пластик материал гарган авахад ашиглана гэж найдаж байгаа аж.
Судалгааны ажлын удирдагч, тус их сургуулийн Инженерийн коллежийн профессор, Амьдралын тухай шинжлэх ухааны төвийн ахлах судлаач Сьюзи Дай бохирдсон уснаас хуванцрын бичил хэсгүүдийг барьж авах чадвартай замгийн шинэ омог (штамм)-ыг гарган авчээ. Түүний хэлснээр, микропластикийн асуудал өнөөдөр бараг бүх усны экосистемд тулгарч байна.
“Микропластик бол хүрээлэн буй орчинд, тухайлбал тогтмол ус, нуур, гол мөрөн, бохир ус, тэр байтугай бидний хүнсэндээ хэрэглэдэг загаснаас ч олдох туйлын түгээмэл бохирдуулагч болоод байна” гэж Сьюзи Дай тайлбарлав.
Өнөөгийн цэвэрлэх байгууламжууд зөвхөн том хэмжээний хуванцрыг шүүж чаддаг бөгөөд микропластикууд хэтэрхий жижиг учраас шүүх системээр нэвтрэн гарч, ундны ус руу орж, байгаль орчныг бохирдуулан, экосистемд хохирол учруулж байгааг тэрээр нэмж санууллаа.
Технологийн ажиллах зарчим
Шинэ судалгааны хүрээнд багийнхан ген засаж сайжруулах аргаар замгийг цитрусын төрлийн жимсний үнэрийг үүсгэдэг байгалийн бодис болох лимонен-ийг ялгаруулдаг болгожээ. Энэхүү бодис нь замгийн гадаргууг өөрчилж, уснаас татгалзах (гидрофоб) шинж чанартай болгодог байна.
Микропластик нь мөн уснаас татгалзах шинж чанартай тул хуванцрын жижиг хэсгүүд усан дотор замагт наалдаж эхэлдэг аж. Үүний үр дүнд нягт бөөгнөрөл үүсэж, усан сангийн ёроолд тунаснаар биомассын давхарга үүсгэдэг бөгөөд үүнийг цуглуулж, уснаас зайлуулахад хамаагүй хялбар болдог байна.
Үүнээс гадна, өөрчлөгдсөн замаг нь бохир усан дотор үржих чадвартай бөгөөд усан дахь илүүдэл тэжээлийн бодисуудыг өөртөө шингээж, усыг давхар цэвэрлэдэг байна.
“Микропластикийг устгаж, бохир усыг цэвэрлэхийн зэрэгцээ цуглуулсан хуванцраараа био-пластик бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр бид нэг сумаар гурван туулай буудах боломжтой” гэж Дай хэлэв.
Ирээдүйн төлөв
Энэхүү судалгаа нь хараахан эхний шатандаа байгаа ч багийнхан уг технологийг практикт нэвтрүүлэх талаар аль хэдийн ажиллаж эхэлжээ.
Сьюзи Дайн лабораторид замгийг том хэмжээний биореакторт үржүүлж байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд үйлдвэрийн утааг дахин боловсруулахад тэдний “Шрек” гэж нэрлэсэн 100 литрийн багтаамжтай биореакторыг одоогоор ашиглаж байгаа аж.
Ирээдүйд багийнхан энэхүү системийн илүү том хувилбаруудыг бүтээж, бохир ус цэвэрлэх болон бусад төрлийн бохирдолтой тэмцэхэд ашиглахаар төлөвлөж байна. Судалгааны үр дүн нэр хүндтэй Nature Communications сэтгүүлд нийтлэгджээ.
(Эх сурвалж: ScienceDaily)
